Хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Ашиг олох, хөрөнгөө өсгөх зорилгоор тодорхой нэг хөрөнгөд мөнгөө байршуулахыг хөрөнгө оруулалт гэдэг. Хөрөнгө оруулагчид зорилгодоо хүрч хөрөнгийнхөө үнэ цэнийг өсгөж, ашиг олох боломж байдаг хэдий ч хөрөнгө оруулалт нь ашиггүй болж, хөрөнгө нь үнэ цэнээ алдах тохиолдол ч цөөнгүй бий. Та Хөрөнгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толийг энд дарж татна уу.

Юунд хөрөнгө оруулж болох вэ?

Хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө, банкны хадгаламж зэргээр хөрөнгө оруулалтын олон хувилбар бий. Эдгээр нь бүгд өөр өөрсдийн давуу болон сул талтай.

Хөрөнгө оруулалт хийхэд хэр их мөнгө хэрэгтэй вэ?

Хөрөнгө оруулалт хийхэд шаардлагатай хөрөнгийн доод хэмжээ гэж байхгүй. Жишээлбэл, та 5000 төгрөгтэй бол 100 төгрөгний үнэтэй 50 хувьцаа авах боломжтой.

Хөрөнгө оруулалт хийхэд юуг анхаарах вэ?

  • Хөрөнгө оруулалтаа өөрийн зорилго, эрсдэл даах чадварт нийцүүлэх.

    Хөрөнгө оруулагч бүрийн эцсийн зорилго нь ашиг олох явдал байдаг боловч зарим нь өндөр эрсдэлтэйгээр их ашиг олохыг хүсдэг бол зарим нь эрсдэл багатайгаар тогтмол ашиг олохыг эрмэлздэг. Жишээлбэл, 60 настай эмэгтэй өөрийн хөрөнгийн үнэ цэнийг бууруулахгүйн тулд том, тогтвортой компанид хөрөнгө оруулах бол 30 настай бизнесмен шинээр байгуулагдаж буй өндөр эрсдэлтэй компанид хөрөнгө оруулж ашиг олох магадлалаа нэмэгдүүлэхийг хүснэ.

    Хүмүүс ийнхүү хөрөнгө оруулалтын зорилго, эрсдэл даах чадварын хувьд харилцан адилгүй байдаг учраас хөрөнгө оруулалтын аливаа арга, стратеги нь бүх хүмүүст тохирохгүй болохыг анхаараарай.

  • Хөрөнгө оруулалтаа эрт эхлэх

    Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа хөрөнгийн үнэ цэнэ нэмэгдэх ерөнхий зүй тогтол байдаг. Урт хугацаанд аливаа хөрөнгийн үнэ цэнэ өсөхийн хамтад таны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ ч өсөх магадлалтай. Хэрэв та богино хугацаанд хөрөнгө оруулах гэж байгаа бол хамгийн эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонгох нь зүйтэй.

  • Хөрөнгөө тараан байршуулах

    Хөрөнгөө тараан байршуулах гэдэг нь бүх мөнгөөрөө нэг төрлийн хөрөнгө худалдаж авахгүйгээр, олон төрлийн хөрөнгөд мөнгөө хувааж хөрөнгө оруулахыг хэлдэг.

    Жишээлбэл, та хувьцаа худалдаж авах гэж байгаа бол бүх мөнгөөрөө нэг компанийн хувьцаа авснаас өөр өөр салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компанийн хувьцаа худалдаж авахыг тараан байршуулалт гэдэг. Ингэснээр нэг компанийн хувьцааны үнэ буурах үед нөгөө компанийнх өсөх байдлаар таны нийт хөрөнгө оруулалтын үнэ цэнэ огцом унах эрсдэл буурна. Хөрөнгө оруулалтаа хувьцаа, бонд, хадгаламж, үл хөдлөх хөрөнгө зэргээр өөр төрлийн хөрөнгүүдэд тараан байршуулбал эрсдлийг илүү бууруулна.

Хувьцаа

Хувьцаа нь компанийн тодорхой хэсгийг эзэмших эрх юм. Жишээлбэл, та нийт 10,000 ширхэг хувьцаатай компанийн 100 ширхэг хувьцааг эзэмшдэг гэвэл тэр компанийн 1%-н эзэн гэсэн үг

Давуу тал

  • Хувьцааны үнэ цэнэ өсөх

    Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой.

  • Ноогдол ашиг хүртэх

    Ноогдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлнэ. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

  • Хөрвөх чадвар сайн

    Танд бэлэн мөнгө хэрэгтэй болсон үед хувьцаагаа худалдаад түргэн бэлэн мөнгөтэй болох боломжтой. Гэвч зарим компанийн хувьцаа түргэн, зарим нь удаан зарагддаг гэдгийг анхаараарай.

  • Саналын эрх

    Та эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй.

Сул тал

  • Хөрөнгө үнэ цэнээ алдах

    Хувцааны үнэ өсч буурах байнгын хэлбэлзэлтэй байдаг. Хэрэв компанийн үйл ажиллагаа муудвал, компанийн хувьцааны үнэ цэнэ буурна. Хамгийн муугаар бодоход, компани дампуурвал тухайн компанийн бусдад төлөх өр төлбөрийг бүрэн төлсний дараа үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж авдаг. Иймээс хөрөнгө бүрэн үнэгүйдэх ч тохиолдол гарч болно.

  • Удаан хугацааны хүлээлт

    Ихэнх хувьцаа удаан хугацаанд өгөөжөө өгдөг тул ашиг хүртэхийн тулд хувьцаагаа хэдэн жил хадгалах хэрэгтэй болдог. Мөн мэргэжлийн бус хүний зөвлөгөө, ам дамжсан яриан дээр үндэслэж хөрөнгө оруулах нь өндөр эрсдэлтэйг анхаараарай.

Бонд

Бонд гэж бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл, та компанийн эсвэл Засгийн газрын бонд худалдаж авсан бол та компани, Засгийн газарт мөнгөө зээлүүлсэн гэсэн үг. Таны мөнгийг зээлснийхээ төлөө бонд гаргагч нь тогтмол хүү төлөх /купон гэх/ ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.Жишээлбэл, та 10,000 төгрөгний нэрлэсэн үнэтэй, жилд 5%-ийн хүүтэй 10 жилийн хугацаатай Засгийн газрын бонд худалдаж авсан гэвэл жил бүр 500 төгрөгийн хүү, 10 жилийн дараа анх зээлсэн 10,000 төгрөгөө эргүүлэн авна гэсэн үг.

Давуу тал

  • Тогтмол орлого

    Хугацаа тутамд тогтмол хүүгээр төлбөр төлөгдөж, тогтмол орлого олох зарчимтай.

  • Эрсдэлгүй

    Засгийн газрын бонд нь хамгийн эрсдэл багатай, компанийн бонд нь хувьцаатай харьцуулбал эрсдэл багатай.

  • Давуу эрх

    Компани дампуурах тохиолдолд мөнгөө тэргүүн ээлжинд нэхэмжлэх эрхтэй.

Сул тал

  • Ашиг бага

    Эрсдэл бага байгаагийн хирээр ашиг нь бага. Компанийн маш өндөр ашигтай ажилласан ч тогтсон хэмжээгээр хүү төлнө.

  • Эзэмшихгүй

    Компанид хувь эзэмшихгүй.

  • Хугацаа

    Зөвхөн анх заасан хугацаанд эзэмшинэ.

Бондын талаарх дэлгэрэнгүй хичээлийг эндээс үзнэ үү.




Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

Банк, санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авсан активаа багцлан үнэт цаасжуулж, хөрөнгийн зах зээлд худалдан шинээр санхүүжилт татах үйл ажиллагаа юм.

Давуу тал

  • Тогтмол мөнгөн урсгал

    Улирал тутмын купоны төлбөр болон үнэт цаасны тэнцүү хуваалттай эргэн төлөлт нь хөрөнгө оруулагчид тогтмол чөлөөт мөнгөн урсгалыг бий болгоно.

  • Хөрөнгө оруулалтын эрсдэлээс хамгаалагдсан

    Зээлийн багц дахь чанаргүй зээл үргэлж 0%-тай байх ба Үнэт цаасны купон, эргэн төлөлтийн тасалдлаас төлбөрийн шатлалын схем болон эрсдэлийн сангийн хөрөнгөөр хамгаалсан.

  • Хөрвөх чадвар сайн

    Богино хугацааны хөрөнгө оруулалтын өгөөж өндөр бөгөөд хямдруулсан үнээр арилжих нөхцөлд худалдсан болон худалдан авсан аль аль талдаа хангалттай өндөр өгөөжийн хувьтай байгаа нь бирж дээр хөрвөх чадвараар өрсөлдөх боломжийг бий болгоно.

  • Санхүүжилтийн шинэ суваг

    Банк, санхүүгийн байгууллагуудад хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилтийн шинэ суваг нээгдэх боломжтой.

Сул тал

  • Бага өгөөж

    Зах зээлийн өндөр өсөлттэй үед ч анх тохирсон өгөөжийг тогтмол хүртэх.

Хөрөнгө оруулалтын сан

Хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зэрэг нээлттэй арилжаалагддаг бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилдаг мэргэжлийн байгууллага юм.

Давуу тал

  • Өндөр өгөөж

    Таны оруулсан хөрөнгөөр сан нь гадаадын болон дотоодын өндөр өгөөжтэй хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг.

  • Бага татвар

    Хөрөнгө оруулалтын сангаас хуваарилах орлогоос та татварын давуу тал эдлэх бүрэн боломжтой.

  • Төрөлжүүлэлт

    Олон төрлийн үнэт цаасанд багцын хөрөнгө оруулалт хийснээр томоохон хөрөнгө оруулагчтай нэгэн адил өгөөж хүртэх, зардлаа хэмнэхийн зэрэгцээ эрсдэлийг тархаан байршуулж чаддаг.

  • Мэргэжлийн баг

    Таны оруулсан хөрөнгийг мэдлэг туршлага бүхий мэргэжлийн хөрөнгө оруулагчид удирдах тул та заавал хөрөнгө оруулалтын талаар мэдлэг чадвартай байх албагүй.

  • Цаг бол алт

    Сан нь нарийн судалгаан дээр үндэслэн, оновчтой хөрөнгө оруулалтын аргыг ашиглан хөрөнгийг тань удирдах тул таны цагийг хэмнэнэ.

  • Хөрвөх чадвар

    Сангийн нэг төрөл болох хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг хөрөнгийн зах зээл дээр нээлттэй арилжаалах боломжтой тул хөрвөх чадвар сайтай.

Сул тал

  • Бага өгөөж

    Хувиараа хөрөнгө оруулалт хийснээс бага өгөөж хүртэх магадлалтай.

  • Нэмэлт зардал

    Мэргэжлийн багийг цалинжуулах, өндөр ашиг олсон тохиолдолд урамшуулал олгох зэрэг.

Хувьцаа эзэмшигч ямар эрх, үүрэгтэй вэ?

Та компанийн хувьцаа эзэмшигч болсноор дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:

  • Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хуралд оролцож, санал өгөх

    Компанийн тухай хуулийн дагуу хувьцаат компани нь жил бүрийн 4 дүгээр сарын 30-ны дотор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг, шаардлагатай тохиолдолд ээлжит бус хурлыг тухай бүр зарлан хуралдуулах үүрэгтэй бөгөөд хувьцаа эзэмшигч та хөрөнгө оруулсан компанийн үйл ажиллагааны талаар тайлантай танилцаж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар саналаа өгөх эрхтэй. Tа эзэмшиж буй хувьцааныхаа тоотой тэнцүү хэмжээгээр компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /удирдлагад хяналт тавих зөвлөл/-ийг сонгоход санал өгөх эрхтэй. Иймд хувьцаа эзэмшигч та хуралдаа идэвхтэй оролцоорой.

  • Компанийн тайлан мэдээтэй танилцах

  • Ноогдол ашиг хүртэх

    Ногдол ашиг гэдэг нь компани тухайн жилд олсон ашгаа хувьцаа эзэмшигчиддээ тараахыг хэлдэг. Компани ашгаа тараахын оронд шинэ тоног төхөөрөмж худалдаж авах, үйлдвэрлэлээ өргөтгөх зэргээр дотооддоо ашиглаж болох тул компани жил бүр ногдол ашиг тараахгүй байж болно.

  • Ханшийн зөрүүнээс ашиг олох

    Таны авсан хувьцаа анх худалдаж авсан үнээсээ өсөх боломжтой тул үнэ өссөн үед хувьцаагаа худалдсанаар ашиг олох боломжтой.

  • Эрх ашгаа хамгаалуулах талаар гомдол гаргах

    “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, “Компанийн тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Та хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргах эрхтэй.

Цэнхэр, ягаан тасалбар гэж юу вэ?

Монгол Улсын Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн vнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсний дүнд нийт хүн амын 52 орчим хувь буюу 1.2 сая хүн хувьцаа эзэмшигч болжээ.

Тухайн үед хувьцааны талаарх мэдлэг хангалтгүйгээс ихэнх иргэд хувьцаагаа баталгаажуулж данс нээлгээгүй эсвэл бусдад шилжүүлсэн байдаг бол зарим иргэд хувьцаа эзэмшдэг эсэхээ мэддэггүй байна. Цэнхэр, ягаан тасалбараар олгогдсон хувьцаа эзэмшдэг эсэхээ “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д хандан шалгуулах боломжтой.

1072 хувьцаа гэж юу вэ?

УИХ-ын 2010 оны 39-р тогтоол, 2012 оны 18-р тогтоол болон Засгийн газрын 2011 оны 3-р сарын 31-ний 98-р тогтоол, 2012 оны 4-р сарын 11-ний 116-р тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хүртэлх хувь буюу 2012 оны 4-р сарын 11-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд тус бүр 1072 хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр болсон. Мөн аж ахуйн нэгжүүдэд тус компанийн 10 хүртэлх хувийг нэрлэсэн үнээр нь буюу 933 төгрөгөөр худалдан авах эрхийг олгосон юм.

Хэрэв та Хүний хөгжлийн сангаас дараах хишиг хувийг хүртсэн тохиолдолд “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн эзэмшиж байсан хувьцааны үлдэгдлээс хасагдсан байгаа болно. Үүнд:

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр

Иргэн та “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч эсэхээ шалгахыг хүсвэл https://net.mcsd.mn/ хаягаар орж өөрийн регистрийн дугаарыг кирилл үсгээр шивж оруулан шалгах болон тус хувьцаатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн 1800-1072 утсаар болон фэйсбүүк хаягаар лавлана уу.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэхтэй холбоотой төр, засгийн шийдвэрүүдийг доороос үзнэ үү.

2011.03.31 Монгол Улсын нийт иргэдэд 536 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн Харах
2012.04.11 Монгол Улсын иргэдэд нийт 1072 ширхэг хувьцааг эзэмшүүсэн, аж ахуйн нэгжүүдэд худалдсан. Харах
2012.05.30 Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн. Харах
2012.06.13 Үндэсний аж ахуйн нэгжүүдэд худалдах, иргэдэд хувьцааг эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам батлагдсан. Харах
2015.04.20 Засгийн газарт нэрлэсэн үнээр худалдах хүсэлт гаргасан боловч хувьцааны төлбөр авч чадаагүй буюу хишиг хувь хүртээгүй иргэдэд хувьцааг нь буцаан эзэмшүүлэн бүртгэх тухай тогтоол гарсан. Харах
2017.05.30 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн давуу эрхийн хувьцааг баталгаажуулах, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа худалдан авсан аж ахуйн нэгжтэй холбоотой авах зарим арга хэмжээний тухай тогтоол гарсан. Харах

Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Данстай эсэхээ шалгах

Та үнэт цаасны данстай эсэхээ дараах 2 аргаар шалгаж болно.

"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-ийн цахим хуудсаар орж, регистрийн дугаараа оруулах

Гар утаснаасаа 158989 дугаарт регистрийн дугаараа латин үсгээр бичиж явуулах

Данс нээлгэх

Үнэт цаасны арилжаанд оролцох буюу хувьцаа, бонд худалдаж авахын тулд та үнэт цаасны компани* /брокер/-д хандан үнэт цаасны болон төлбөр тооцоо гүйцэтгэгч банкны дансаа нээлгэнэ. Үнэт цаасны компани тус бүрийн харилцагчдад үйлчлэх нөхцөл, тухайлбал үйлчилгээний шимтгэл хураамж, арилжаанд онлайнаар ордог эсэх, арилжаанд идэвхтэй оролцдог эсэх зэрэг нь харилцан адилгүй байдаг тул үнэт цаасны компанийн сонгохдоо үйлчилгээний нөхцөлийг харьцуулан судлах зайлшгүй шаардлагатай юм. Түүнчлэн, үнэт цаасны компаниуд нь брокер-дилерийн, хөрөнгө оруулалтын зөвлөхийн гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг бөгөөд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй компани танд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хэрэгцээтэй судалгаа шинжилгээг хийж, зөвлөгөө, мэдээллээр хангана. Та үнэт цаасны компаниудын дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Үнэт цаасны данс нээлгэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлэн заавал өөрийн биеэр очих эсвэл өөрийн итгэмжит хүнд итгэмжлэл гаргуулснаар нээлгэх боломжтой. Үүнд

  • Иргэний үнэмлэх
  • Насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, эцэг эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  • Данс нээлгэх хураамж /ихэвчлэн 5000-10000 төгрөг байдаг/

Мөн 2018 оноос эхлэн цахимаар данс нээх боломжтой болсон тул иргэд заавал биеэр очихгүйгээр дансаа нээлгэж болох юм. Одоогийн байдлаар дараах үнэт цаасны компаниуд цахимаар данс нээх үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. "Алтан хоромсог ҮЦК" ХХК
  2. "Ард секюритиз ҮЦК" ХХК
  3. "Апекс капитал ҮЦК" ХХК
  4. “БиДиСЕК ҮЦК” ХК
  5. “Бумбат Алтай ҮЦК” ХХК
  6. "Гаүли ҮЦК" ХХК
  7. “Голомт Капитал ҮЦК” – SocialPay
  8. “Инвескор капитал ҮЦК” ХХК
  9. "Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК
  10. "Нэйшнл сэкюритис ҮЦК" ХХК
  11. "Өлзий энд ко капитал ҮЦК" ХХК
  12. “Стандарт Инвесмент ҮЦК” ХХК
  13. "Таван Богд Капитал ҮЦК" ХХК
  14. “ТиДиБи Капитал ҮЦК” ХХК
  15. "Тэнгэр капитал ҮЦК" ХХК
  16. "Эм Ай Си Си ҮЦК" ХХК

Захиалга өгөх

Төлбөр тооцоо гүйцэтгэгч банкин дахь өөрийн дансандаа худалдан авах үнэт цаасны үнэ болон шимтгэлийн мөнгийг байршуулж, брокерийн компанидаа үнэт цаас худалдаж авах захиалгаа өгнө. Брокер нь таны өгсөн захиалгыг хөрөнгийн биржийн арилжааны системд оруулдаг. Таны захиалгатай үнэ ханш болон тоо хэмжээний хувьд нийцэх захиалга байвал таны захиалга биелэгдэж хэлцэл хийгдэх ба нийцэх захиалга байхгүй тохиолдолд захиалгын санд хадгалагдаж биелэгдэх хүртэл тодорхой хугацаанд хүлээнэ.

Сургалт, семинар

Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, замаар үнэт цаасны зах зээлийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалтыг 2005 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулж нийт 15 мянган иргэнийг хамруулаад байна. Сургалтын сурталчилгааг цахим хуудас болон фэйсбүүк пэйжээр мэдээллэхээс гадна зарим саруудад фэйсбүүк сурталчилгаа ашиглан явуулж байна.


Багшлах боловсон хүчний хувьд санхүүгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжилтнүүд болон их, дээд сургуулийн дадлага туршлагатай багш нар онол практик хосолсон аргаар хичээл заах ба сургалтанд хамрагдсанаар хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, эрх зүйн зохицуулалт, зах зээлд тавих хяналт, хөрөнгө оруулагчдын эрх үүрэг, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, өөрт учрах эрсдлээ хэрхэн бууруулж болох талаар системтэй мэдлэг олж авснаар дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай болж төгсөнө.


Бүртгэл:
Сургалтын бүртгэл онлайнаар болон МХБ-ийн байранд явагдана. Төлбөрийг Голомт банкны 1105021404 тоот дансанд байршуулна.
Холбоо барих утас: 11-313747 /3112/


Танхимын сургалт:
Өнөөдрийн байдлаар сургалтын агуулгыг хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал суралцагсадын хүсэл сонирхолд нийцүүлэн хөрөнгө оруулалтын чиглэлд хандуулж хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд,зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинжилгээ судалгаа, багц бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтын багц хэрхэн бүрдүүлэх зэрэг сэдвүүдээр сургалтыг явуулж байна.


Сургалт сард нэг удаа Даваа-Лхагва гарагт 14:00-18:00 цагийн хооронд явагдах бөгөөд 15-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагддаг.


Танхимийн сургалтын хөтөлбөр

Даваа

14:10-15:10 Хөрөнгийн зах зээлийн үүсэл хөгжил
15:10-16:00 Хувь хүний санхүү
16:00-17:00 Хувьцаа бондын ялгаа
17:00-18:00 Брокер, дилерийн үндсэн үйл ажиллагаа

Мягмар

14:00-15:00 Хөрөнгө оруулалтын төрөл зорилго
15:00-16:00 Финтек ба крипто валют
16:00-17:00 Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд
17:00-18:00 Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

Лхагва

14:00-15:00 Багц бүрдүүлэлт
15:00-16:00 МХБ-ийн үнэт цаасны арилжаа түүнд оролцох
16:00-17:00 Арилжааны системийн практик сургалт
17:00-18:00 Бататгах давтлага

Хийсвэр арилжаа /Демо/

Монголын хөрөнгийн бирж нь иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгийн зах зээлд оролцох иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор демо буюу хийсвэр арилжааны системийг нэвтрүүлж, ашиглалтанд орууллаа. Демо буюу хийсвэр арилжааны систем нь бодит мөнгөөр арилжаанд оролцож эхлэхээс өмнө хийсвэр мөнгөөр арилжаанд орж, үнэт цаасны арилжаанд оролцох дадлага хийх, хөрөнгөө өсгөх арга барилаа олоход туслах ач холбогдолтой систем юм.

Иргэд энэхүү системийг ашиглан өөрийн демо дансыг хүссэн дүнгээрээ цэнэглэж, МХБ-д бүртгэлтэй хувьцаануудаас сонгон тухайн өдрийн арилжааны бодит ханшаар худалдан авах эсвэл эргүүлэн худалдаж, холбогдон гарах брокерийн шимтгэлийг төлөх зэргээр МХБ дээр явагддаг бодит арилжааны туршлагыг олж авахаас гадна тус системийн "Дансны шинжилгээ" функц нь таны хийсэн арилжааны ашиг, алдагдлыг өдөр бүр тооцоолж харуулах тул хөрөнгийн зах зээлийг сонирхогч бүх насны хүмүүс ашиглах боломжтой. Үнэт цаасны арилжаанд оролцох өөрийн дадлага, туршлагыг бий болгохоос гадна, тус системийг ашиглан тэмцээн уралдаан зохиох зэргээр ч ашиглах боломжтой юм.

Уг хийсвэр арилжааны системийг ашиглахын тулд, юуны түрүүнд системийн гарын авлагатай /эндээс/ танилцан http://orderbook.mse.mn/demo хаягаар бүртгүүлж, ажлын өдөр бүрийн 10:00 – 13:00 цагийн хооронд арилжаанд оролцож, хөрөнгийн зах зээлийн туршлагатай хөрөнгө оруулагч болох эхлэлээ тавихыг урьж байна.

Манай байгууллагаас шинээр хөгжүүлсэн энэхүү системийг цаашид хөгжүүлэх аливаа санал, хүсэлт болон ашиглахтай холбоотой асуулт байвал бидэнд info@mse.mn хаягаар хандана уу.

Мэдлэг олгох бусад материалууд

"Ногоон сум" Хөрөнгийн зах зээлийн реалити шоу нэвтрүүлэг

Иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг нэмэгдүүлэх болон хувьцаа, бондын арилжаанд хэрхэн оролцох тухай мэдээллийг олон нийтэд богино хугацаанд сонирхолтой, үр дүнтэйгээр хүргэх үүднээс “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь “Монголын үндэсний олон нийтийн радио телевиз”-тэй хамтран “Ногоон сум” реалити шоуг зохион байгуулж, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл орон даяар нэвтрүүлсэн юм.

Уг реалити шоу нэвтрүүлэгт хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцож байгаагүй олон нийтийн төлөөлөл болох 5 оролцогч оролцох бөгөөд мэргэжлийн зөвлөх байгууллагуудаас зөвлөгөө авсны үндсэн дээр “Монголын хөрөнгийн бирж” дээрээс үнэт цаас худалдан авч оролцоно. Нэвтрүүлэг нь тус бүр 40 минут үргэлжлэх 7 удаагийн дугаараас бүрдсэн бөгөөд нэвтрүүлгийн эцэст хөрөнгө оруулалтын багцаа хамгийн ихээр өсгөсөн оролцогч нь ялагч болсон юм.

Хөрөнгийн зах зээл нь зах зээлийн ерөнхий төлөв байдал болон хувьцаат компанийн үйл ажиллагаатай уялдан өсч буурч тогтмол хэлбэлздэг бөгөөд үнэт цаасанд хөрөнгө оруулснаар оролцогчдын хөрөнгө оруулалтын багц нь өсөх, буурах аль аль нь магадлалтай юм. Нэвтрүүлэг нь зах зээлийн ач холбогдол, хөрөнгөө өсгөх боломжийг төдийгүй мөн эрсдэлийг нь ч үнэн бодитоор үзэгчдэд хүргэх зорилготой билээ.

"Ногоон сум" нэвтрүүлэг

Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн асуудлыг хөндсөн “100 чухал сэдэв – Хөрөнгийн бирж” нэвтрүүлэг

Хөрөнгийн зах зээлийн нэр томъёоны тайлбар толь

ТҮЦ машинаас мэдээлэл авах

Та өөрт ойр байрлах ТҮЦ машинд иргэний үнэмлэх, хурууны хээг зааврын дагуу уншуулан Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг /цэнхэр тасалбар/-ээр тараагдсан хувьцааны тоо ширхэг, ногдол ашиг, ногдол хувийн мөнгө болон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцааны тоо ширхэг, хувь хишиг хүртсэн мэдээллээ авах боломжтой.

Санхүүгийн боловсрол: Хувьцаа 1072

Хувьцаа гэж юу вэ? /Видео/

Бидэнтэй Холбоо барих

Хаяг Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс
Уулзалтын хуваарь Цаг авах
Имэйл хаяг info@mse.mn
Холбоо барих 976-11-313747-/3312/

Монголын Хөрөнгийн Бирж © 2018 он