“ЛэндМН Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 6 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 48,500 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.
Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн Зохицуулах Хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, "Райнос Инвестмэнт ҮЦК” ХХК-ийн дэд захирал Н.Цэвэгмид, "Өлзий энд Ко Капитал ҮЦК”-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр нар оролцож үг хэлсэн бол “Анд Глобал” компанийн гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ Монголын хөрөнгийн биржийн 6825 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.
Цан цохих ёслолын үеэр Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ:
өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж буй “ЛэндМН Актив ТЗК” компанийн гаргаж буй ХБҮЦ-ны зах зээлийн арилжааг андеррайтер төвтэй буюу арилжааны захиалгыг андеррайтерын компани нь зохион байгуулж байгаагаараа онцлог гэдгийг нийт хөрөнгө оруулагчиддаа дуулгахад таатай байгаагаа илэрхийлж, цаашид хөрөнгө оруулагчдын итгэл, сонирхлыг татсан ийм төрлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, хөрөнгө зах зээлийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж ажиллахаа дурьдлаа.
Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ