-Та өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо ажиллаад ирлээ. Явсан ажлын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлбэл?
-Монголын Хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа. Өмнө эхлүүлээд дуусгаж чадаагүй ажлаа гүйцээн хийх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэтгэх зорилготой юм. Лондон дахь хөрөнгө оруулагч, сонирхогч нартай уулзаж гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Засгийн газрын байр суурь, бодлого, үйл ажиллагааг таниулах, эдийн засаг санхүүгийн талаар мэдээлэл өгөх, санал солилцох ажлыг бас хийж гүйцэтгэлээ.
-2011 оны Лондонтой байгуулсан гэрээг Монголын талд ашиггүй гэрээ байсан. Ажилладаггүй программ хангамжийг өндөр үнээр шахсан гэх зэрэг сөрөг мэдээлэл гарсан шүү дээ. Тэгэхээр энэ удаа бас ямар гэрээ зурчихав гэж хүмүүс сонирхож байгаа байх?
-Үнэндээ өмнөх гэрээний хэрэгжилтийг зохион байгуулж чадаагүйгээс хамтран ажиллах түншийнхээ нэр хүндэд сэв суулгасан харамсалтай явдал болжээ. Үүнийг нуугаад яах вэ, хүлээн зөвшөөрөх нь зөв. Яагаад ийм байдалд хүрэв гэхээр зөвхөн биднээс, өөрсдөөс маань шалтгаалсан нь тодорхой байна. Хөрөнгийн биржийн үйл ажиллагааны шинэчлэлтийг хэрэгжүүлж чадаагүй, хэрэгжүүлэх арга эвээ ч олоогүй явж иржээ. Хөрөнгийн зах зээлд оролцогч байгууллагууд болох Хөрөнгийн бирж, ҮЦТТТХТ-ийн /Үнэт Цаасны Төлбөр Тооцоо, Төвлөрсөн Хадгаламжийн Төв/ брокер, дилерийн компаниудаас эхлээд Арилжаа эрхлэгчдийн холбоод хүртэл хоорондоо үл ойлголцсоноос болжээ. Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хорооноос тавьж байсан шаардлага, хүчин чармайлт үр дүнд хүрсэнгүй.
-Үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Хөрөнгийн биржийг, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэсэн зорилтууд байсан. Гэтэл та хөгжил хангалтгүй байна гэж байна. Шалтгаан юу байв?
-Хөрөнгийн бирж бол хөрөнгийн зах зээлийн үндэс суурь болсон цэвэр санхүүгийн мэргэжлийн байгууллага юм. Тэнд ажиллах боловсон хүчинд мэргэжлийн өндөр шалгуур тавигддаг. Өнгөрсөн хугацаанд тус байгууллагын удирдлагад мэргэжлийн бус, ажлын туршлага багатай хүмүүсийг намын харьяаллаар томилж байсан. Хөрөнгийн биржид хувьцаа, бонд гэхээсээ төмс лууван зардаг байсан үе бий. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг саатуулсныхаа горыг одоо амсаж байна гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Хөрөнгийн бирж маань үндсэндээ дампуурчихсан байлаа.
Сүүлийн гурван жилд алдагдалтай ажиллаж нэг төгрөгийн орлого олохын тулд 1.08-1.36 төгрөгийн зардал гаргажээ. Монгол Улсын Үндэсний Аудитын газар Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн тайланд жил дараалан хязгаарлалттай санал дүгнэлт өгсөн байна. Хөрөнгийн бирж удирдлага, зохион байгуулалтын хувьд төлөвшөөгүй, санхүүгийн сахилга гэж байхгүй, үйл ажиллагаа нь эдийн засгийн хувьд үр дүнгүй, гэрээ хэлцэл, тохиролцоо хэрэгжүүлэх чадваргүй байгууллага болчихсон. Шинэчлэлийн Засгийн газар Хөрөнгийн биржийг болон хөрөнгийн зах зээлийг жам ёсны нь дагуу хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн чухал механизм болохыг зорьж байна.
Ерөнхий сайдын мэдэгдэлд Хөрөнгийн биржийн ойрын ирээдүйн хөгжлийн асуудлыг хөндөж тавьсныг санаж байгаа байх. Дорвитой өөрчлөлт шинэчлэлийг хийж хөрөнгө оруулагчдын сонирхолыг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг бүрдүүлэгч байгууллагуудыг институцын хувьд нь бэхжүүлэх зорилгоор Монголын Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвийн хувьцаа эзэмшигчээр Сангийн яамыг томилоод байна. Сангийн яамнаас хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг нэгдсэн бодлого, уялдаа зохицуулалттай хөгжүүлэх, үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах шат дараатай арга хэмжээ авч эхлээд байна.
-Бодит үр дүн хэзээнээс мэдрэгдэж эхлэх бол?
-Ажлын эхлэл зөв байгааг харуулсан нааштай өөрчлөлт мэдрэгдэж байна. Сангийн Яам Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчээр томилогдож шинэ Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг сонгон ажиллуулснаас хойших хугацаанд Монголын Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 250 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Нийт арилжаан дахь гадаадын хөрөнгө оруулагчдын эзлэх хувийн жин дөнгөж зургаан хувьтай тэнцэж байсан бол одоо 20 хувь хүртлээ өссөн үзүүлэлт гарчээ. Энэ бүхэн нь бидний эхлүүлсэн шинэчлэлийг зах зээл нааштайгаар хүлээн авч байгаа гэсэн дохио юм.
Гадныхан сонирхож эхэлж байна. Энэ их чухал. Цаашдаа хөрөнгийн зах зээл улам эрчимтэй хөгжих боломжийг бүрдүүлж төрийн зүгээс бодлогоор, бодитойгоор дэмжин ажиллах нь чухал.
-Та биржийн удирдлагын асуудлыг хөндөж ярилаа. Төрийн өмчийн хорооноос зарлаад байсан сонгон шалгаруулалтаас гадуур Сангийн яам хүн томилсон шүү дээ. Тэгэхээр өмнөх л улстөрийн томилгоо хэвээр яваад байгаа юм биш үү?
-Шинэчлэл бол сэтгэл гарган хамтарч хийх ажил шүү дээ. Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчийг Засгийн газрын шийдвэрээр өөрчилж Сангийн Яаманд энэ үүргийг хариуцуулсан. Энэ шийдвэрийг манай яам үр дүнтэй ажил болгох үүрэгтэй. Цаг хугацаа бага, танилцах, суралцах сонголт байхгүй, шууд л ажилдаа орох шаардлагатай болсон. Биржийн үйл ажиллагаа доголдож, эрсдэлийн өндөр түвшинд хүрсэн байсныг олон нийт мэдээгүй байх л даа. Үнэндээ Хөрөнгийн бирж маань цалингаа ч тавьж чадахгүй, дахиад 1-2 сарын хугацаа алдвал дампуурлаа зарлах байдалд хүрэх байсан. Сангийн Яам мэргэжлийн өндөр чадвартай, туршлагатай, хариуцлага дааж чадахуйц танигдсан хүнийг томилж үүсээд байсан нөхцөл байдлыг богино хугацаанд хяналтдаа авахыг л зорьсон. Өмнөх сонгон шалгаруулалтад орсон хүмүүсийн материалыг авч судлаад шаардлага хангавал томилно гэсэн байр суурьтай байлаа. Гэтэл сонгон шалгаруулалтаар өндөр оноо авсан гэгдэж байсан хүмүүст Санхүүгийн зохицуулах хороо, Авилгатай тэмцэх газраас эерэг биш үнэлгээ өгсөн. Эдгээр байгууллагууд хуулиар үнэлэлт, дүгнэлт өгч зөвшилцөх бүрэн эрхтэй бөгөөд би ч тэдгээрийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн итгэл үнэмшилтэй болсон. Тиймээс л Сангийн Яам үүсээд байсан нөхцөл байдалтай уялдуулан цаг алдалгүй томилгоог шуурхай хийсэн. Энэ томилгоо нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон Компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдэгдсэн бөгөөд мэргэжлийн туршлагатай хүнийг томилох бидний шаардлагыг ч хангаж байгаа юм.
-Лондонгийн Хөрөнгийн биржтэй шинэ гэрээ зурлаа. Төсвөөс ямар нэмэлт зардал гарах вэ. Бодит үр дүн гарахгүй байвал мөн л төсөвт дарамт болох байх даа?
-Өмнөх гэрээгээ хэрэгжүүлж үр дүнг нь хүртэж чадаагүй байснаас дахиад л нэмэлт зардал гарах нь гэж болгоомжилж байгааг ойлгож байна. Бид бол шинэ боломж гэж үзэж байгаа. Лондонгийн Хөрөнгийн биржтэй стратегийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээг 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр Лондон хотноо гарын үсэг зурлаа. Ирэх гурван жилд хоёр бирж маань стратегийн түншүүд гэсэн статусаа хадгалахаар болсон. Өмнөх гэрээгээр хүлээсэн үүргээ нэлээд хөнгөлсөн, төсвөөс ямар ч нэмэлт зардал гарахгүйгээр гэрээ болсон.
Тухайлбал, программ хангамжийн үйлчилгээ нь жилийн 700 мянган ам.доллар байсныг шинэ гэрээгээр 70 мянга болгож 90 хувийн хөнгөлөлт авлаа. Төсөл хэрэгжих нийт хугацаанд зөвхөн үүнээс 2.0 сая ам.долларын хэмнэлт гарна. Хамгийн гол нь Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нийлүүлэх, үүнтэй холбоотой дэд бүтцийг байгуулах, олон улсын хөрөнгө оруулагчдад сурталчлах зэрэг асуудлуудыг шинэ гэрээнд тусгалаа. Олон улсын “FTSE Mongolia” индексийг гаргахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Энэхүү ажлыг амжилттай зохион байгуулснаар Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ өдөр бүр дэлхий дахины сонорт хүрч байх болно. Энэ нь хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх итгэлийг бэхжүүлнэ гэж итгэж байна.
-Сүүлийн үед Монголын Хөрөнгийн биржээс гадна бусад шинэ биржүүдийг байгуулах асуудлууд яригддаг боллоо. Энэ талаарх Сангийн яамны байр суурь юу вэ?
-Энэ асуудлыг нухацтайгаар авч үзэх шаардлагатай. Бирж гэдэг маань худалдагч болон худалдан авагч талыг холбон өгч буй зах зээлийн механизм, хуулийн хүрээнд нарийн зохицуулалтын дор явагддаг үйл ажиллагаа. Бусад өндөр хөгжилтэй улсуудын хувьд олон тусдаа биржтэй байх явдал байдаг. Харин үүнийг Монгол Улсын хувьд хэрхэн зохион байгуулах нь өөр асуудал. Шууд хуулбарлах боломжгүй. Эдийн засгийн суурь бүтэц, зах зээлд оролцогчдын цар хүрээ, болон энэ салбарын хөгжлийн үе шаттай нягт уялдуулах учиртай.
Өнөөгийн нөхцөлд манай улсын хувьд олон тусдаа биржтэй байх нь зардал ихтэй, үр ашиг багатай байхаас гадна хөрөнгө оруулагчдын хувьд ч хүндрэлтэй, ойлгомжгүй байдлыг үүсгэх юм. Энэ нь цаашлаад нийт зах зээлийнхээ хөгжлийг хойш нь татна. Ер нь ч тийм олон тусдаа бирж оршин тогтнох эдийн засгийн нөхцөл одоогоор бүрдээгүй байна. Тиймээс цаашдаа Монголын Хөрөнгийн биржийн группыг байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр ажиллана.
-Та хөрөнгийн зах зээлийн хөгжлийг төрийн зүгээс бодлогоор бодитойгоор дэмжиж байгаа тухай ярилаа. Тодорхой болсон арга хэмжээнээс дурьдвал?
-Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр нэлээд хэдэн ажлыг эхлүүлээд байна. Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалдаг болно. Ингэснээр их наядаар үнэлэгдэх шинэ бүтээгдэхүүн Монголын хөрөнгийн зах зээлд нийлүүлэгдэж брокер дилерийн компаниудын арилжаа, үүнээс олох шимтгэлийн орлого ч нэмэгдэнэ. Бид Засгийн газрын үнэт цаасны арилжаанд гадаадын болон дотоодын банк бус хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Засгийн газрын үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалснаар бусад аж ахуйн нэгжүүд дотоодын зах зээл дээрээ бонд гаргахад зохистой жишиг тогтоож өгнө. Бэлтгэл ажил ерөнхийдөө дуусч байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 9-нд Лондон хотноо Блүмбергийн Анхдагч зах зээлийн арилжааны платформыг ашиглах талаар тус компанитай харилцан ойлголцолд хүрсэн талаарх Санамж бичгийг байгууллаа. Энэхүү системийг Их Британи, Бельги, Финланд, Ирланд, Өмнөд Африк зэрэг олон улс Засгийн газрын үнэт цаасны анхдагч арилжаандаа ашиглаж байна. Блүмбергийн платформыг Монгол Улс ашигласнаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлцэл нэмэгдэж, арилжааны ил тод байдал, хариуцлага, тайлагналтад томоохон өөрчлөлт шинэчлэлт хийгдэх юм.
Ашигт малтмалын хуульд тусгагдсан хөрөнгийн зах зээлтэй холбоотой заалтуудыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хэрэгжүүлнэ. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилждаг болно. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй Монголын томоохон компаниудын хувьцаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалагдана.
Хөрөнгийн зах зээлтэй холбоотой татварын зохицуулалтыг цогцоор нь сайжруулах замаар бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлнэ. Хөрөнгө оруулагчдаас манай хөрөнгийн биржийн зах зээл рүү нэвтрэхэд хүндрэл учруулж буй асуудлыг Засгийн газар, УИХ-д танилцуулж холбогдох шийдвэрүүдийг гаргуулна. Дэлхийн санхүүгийн томоохон төв болсон Лондонгийн хөрөнгийн биржтэй стратегийн түншлэлийг хөгжүүлснээр дэлхийн санхүүгийн зах зээл дээрх чөлөөтэй хөрөнгийн урсгалыг Монгол руугаа чиглүүлэх, хөрөнгө оруулалтын хямд, үр ашигтай эх үүсвэрийг татах боломж нэмэгдэнэ гэж найдаж байна. Санхүүгийн үүсмэл хэрэгслүүд зэрэг олон шинэ төрлийн бүтээгдэхүүнийг санаачлан нэвтрүүлж Монголын Хөрөнгийн биржээр арилжаалдаг болно.
Эх сурвалж: Өглөөний сонин
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ