“БиДиСЕК” ХК нь хувьцаа эзэмшигчдийн 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн хурлаар 35.29%-тай тэнцэх хэмжээний хувьцааг нэмж гаргах, түүнээс тэргүүн ээлжинд хувьцаа эзэмшигч нарт зах зээлийн үнээс хямдаар худалдан авах бололцоо олгосны дагуу нэмж гаргаж буй хувьцааны 32.61% нь буюу нийт 1,956,625 ширхэг хувьцааг худалдаалж нийт 3,778,242,875 төгрөгийг татан төвлөрүүллээ.
Тэргүүн ээлжинд компанийн үүсгэн байгуулагчид, АНУ-ын “Firebird Management” тэргүүтэй, Япон, Герман, Турк зэрэг орнуудын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын сангууд болон хувийн хөрөнгө оруулагчид худалдан авсан нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжилд гадны хөрөнгө оруулагчид итгэл хүлээлгэж, сонирхсон хэвээр байгааг илтгэсэн үйл явдал болов.
Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авсан нийт хөрөнгө оруулагчиддаа “БиДиСЕК” ХК-ийн зүгээс талархал илэрхийлж байна.
“БиДиСЕК” ХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Даянбилгүүн хэлэхдээ: “Хувьцаа эзэмшигчид бидэнд итгэл үзүүлсэн нь нэг талаараа Монголын хөрөнгийн зах зээлд боломж бий болгож байна. Нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийг хөрөнгийн зах зээлийн эргэлтэнд оруулж, үндэсний үйлдвэрлэлийн санхүүжилтийг дэмжихэд ашигласнаар зах зээлийн өнөөгийн нөхцөлд томоохон хөдөлгөгч хүч болно”.
Олон нийтэд санал болгох
Үлдэж буй 4,043,375 ширхэг хувьцааг олон нийтэд нэг бүрийг нь 2,146 төгрөгөөс доошгүй үнээр, 2014 оны 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт худалдаалахаар төлөвлөж байна.
Олон нийтэд санал болгож буй хувьцааг хөрөнгө оруулагчид 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө өөрийн харилцдаг Үнэт цаасны компанидаа хандан худалдан авах захиалгаа өгөх боломжтой.
“БиДиСЕК” ХК-ийн тухай
“БиДиСЕК” ХК нь анх 2006 онд нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,000,000 ширхэг хувьцаа гарган, 75%-ийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгож арилжаалах замаар нээлттэй хувьцаат компани болсон. 2008 оны 8 дугаар сард нэг бүр нь 3,000 төгрөгийн үнэ бүхий 1,000,000 ширхэг хувьцааг нэмж гаргаж амжилттай арилжаалсан.
Компанийн анх гаргасан хувьцааны үнэ 100 төгрөг байсан бол сүүлийн 3 жилийн хугацаанд ханш нь 2,150-4,600 төгрөгийн хооронд хэлбэлзэж, нийт гаргасан хувьцааны 39.12%-тай тэнцэх хэмжээний буюу 15.0 тэрбум төгрөгийн хувьцаа хоёрдогч зах зээл дээр арилжаалагдсан ба үнийн дүнгээр болон зах зээлийн үнэлгээгээр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 компанийн тоонд ордог Шилдэг Хувьцаат компани юм.
Компанийн засаглалыг сайн хэрэгжүүлэгч байгууллага болохынхоо хувьд Төлөөлөн Удирдах Зөвлөлд 4 хараат, 5 хараат бус гишүүн ажиллаж, компанийн ил тод байдал, санхүүгийн тайлагналыг олон улсын стандартад нийцүүлэхээр “БДО аудит”-ын компанитай хамтран ажилладаг.
“БиДиСЕК” ХК нь олон нийтэд нээлттэй компани болсноос хойш хувьцаа эзэмшигчиддээ 2006, 2007, 2009, 2010, 2012, 2013 онуудад тогтмол ногдол ашиг тарааж байсан юм.
Үйл ажиллагааны чиглэл:
Брокер: 180 000 харилцагчтай, 8 салбартай ба зах зээлийн нийт арилжааны 25-91 хувийг гүйцэтгэдэг.
Хөрөнгө оруулалт: Үндэсний компаниудад хөрөнгийн зах зээлээс нийт 71 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хувьцаа, хувийн хөрөнгө оруулалт, бонд болон хувьцаанд хөрвөх үнэт цаас, зээл хэлбэрүүдээр босгосон.
Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйлчилгээ: 16 компанид энэхүү үйлчилгээг хүргэдгээс Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий "Эрдэнэс Тавантолгой” ХК-д санхүүжилтийн болон дотоод, гадаадын биржүүдэд бүртгүүлэх чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.
Судалгаа шинжилгээ:
Хөрөнгө оруулагчдад зориулан нийт 22 судалгааны бүтээгдэхүүнийг англи хэл дээр гаргасан бөгөөд энэ жилээс эхлэн зарим онцлох судалгааны ажлуудыг Монгол хэлээр гаргаж эхэлсэн байна.
Татан төвлөрүүлсэн хөрөнгө:
“БиДиСЕК” ХК нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг өөрийн хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа дэмжихэд зарцуулна. Энэ нь Монголын үндэсний үйлдвэрлэгч, компаниудад шаардлагатай санхүүжилтыг босгоход нь богино хугацаанд дэмжлэг үзүүлнэ гэсэн үг юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
И-майл: info@bdsec.mn, tsog@bdsec.mn
Вэб сайт:www.bdsec.mn
Файсбүүкхуудас: www.facebook.com/BDSecJSC
Твиттер:@BDSecJSC
Төв оффис: 11-313108, 11-321763
Брокер 1: 99042813
Брокер 2: 99043165
Брокер 3: 94082846
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ