“Монголын хөрөгийн бирж” ХК-иас сар тутам зохион байгуулдаг “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт”-д энэ удаа 19 суралцагч хамрагдлаа.
Сургалтын зорилго нь хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад чиглэдэг.
Хоёрдугаар сарын сургалтад “Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб”-ийн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчид, их сургуулийн багш зэрэг салбар салбарын мэргэжилтнүүд хамрагдсан бол 16 настай сурагч хамгийн залуу суралцагч байлаа.
“Монголын хөрөгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хөрөнгийн зах зээлд өрнөж буй онцлох үйл явдлын мэдээллийг тоймлон хүргээд багш, суралцагчдад баяр хүргэж сертификатийг гардууллаа.
"Отгонтэнгэр" их сургуулийн багш М.Наранцэцэг: "Би үнэт цаасны эрх зүйн хичээл заадаг багш. Онолын хувьд судалгаа мэдээллээр мэдлэгээ баяжуулж ирсэн бол тус сургалтад сууснаар үнэт цаасны зах зээл, арилжааны практик мэдлэгтэй боллоо" гэв.
"МОНЦАМЭ" агентлагийн сэтгүүлч Б.Болд: "Монголын хөрөнгийн бирж" ХК эдийн засгийн сэтгүүлчдийг мэргэшүүлэх, чадавхжуулах чиглэлд анхаарч клубийн сэтгүүлчдийг энэхүү сургалтад урьсанд баярлалаа. Олон жил энэ чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж ирсэн ч өнөөдрийн сургалтаас илүү өргөн хүрээнд мэдээлэл, мэдлэг олж авлаа, баярлалаа" хэмээн хэлсэн юм.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ