“Монголын хөрөнгийн бирж” ХК-иас санхүү, эдийн засаг, бизнесийн чиглэлээр их, дээд сургуульд суралцаж буй оюутнуудад биржид зочлох, товлосон сэдвийн хүрээнд мэдлэг мэдээллээ баяжуулах, практик сургалтад хамрагдах, танилцах аялал хийх боломжийг олгодог.
Энэ дагуу өнөөдөр /2024-04-03/ “Сити” их сургуулийн Бизнесийн сургуулийн 3-р курсийн оюутнууд, багшийн хамт зочиллоо.
Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил, өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын ач холбогдол, үнэт цаасны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Бизнесийн сургуулийн багш А.Пүрэвдулам (PhD, дэд профессор) 2023 онд шавь нарын хамт Монголын хөрөнгийн биржид зочилж, Бизнесийн эрх зүйн хичээлийн хүрээнд хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлийн эрх зүйн зохицуулалтын хичээлээ ийнхүү онол, практик хослуулан авч үзэхийг чухалчилж байв.
-Манай байгууллагад зочилсноор таны хичээлд ямар өгөөж, үнэ цэнийг бүтээж байна вэ?
-Би хоёр дахь жилдээ шавь нарын хамт танай байгууллагад хичээллэж байна. Манай оюутнууд танхимд онолын мэдлэг болон эрхзүйн зохицуулалтыг судалдаг. Харин хөрөнгийн зах зээлийн гол цөм биржид зочилж, үйл ажиллагаатай танилцах, мэргэжлийн хүмүүс оюутнуудад зориулан яриа, хэлэлцүүлэг хийж байгаа нь онолын мэдлэгээ баталгаажуулах, танхимд үздэг эрх зүйн зохицуулалттай холбоотой үйл ажиллагаанд практик ажиглалт хийх боломжийг олгодог. Мөн оюутан бүр насанд хүрсэн иргэн учраас хувьцаа эзэмших, хөрөнгө оруулалт хийх эрх нь нээлттэй. Энэ талаар мэдлэгтэй болох, ямар компаниудын хувьцаа зах зээл дээр худалдаалагддаг, хувьцаа эзэмшигч байхын ач холбогдол, хөрөнгийн зах зээлийн оролцогч болох боломж иргэн бүрт нээлттэй байдгийг энэ хичээлээрээ ойлгуулахыг хүссэн.
Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигч нь бирж дээр IPO гаргасан банкууд, хувьцаат компаниудын үйл ажиллагаанд оролцогч тал нь болж болохыг оюутнууд сайтар ойлгож авлаа. Түүнчлэн та бүхний бидэнд өгсөн мэдээ мэдээлэл улам баялаг болж байгаад баяртай байна. Танай байгууллагын удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ