Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Засгийн газрын бондыг Хөрөнгийн биржээр арилжаагүй. Харин энэ сараас эхлэн Засгийн газрын бондыг арилжаалах зөвшөөрлийг Сангийн яамнаас танайд олгосон. Хэдий хэр хугацаанд үргэлжлүүлэхээр тооцсон юм бэ?
Д.Ангар: Сангийн яамнаас 11-р сард Засгийн газрын 100 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалах эрх олгосон. Өнөөдрийн байдлаар арилжааны дөрвөн эрх олгосноос гурвыг нь хийсэн. Нийтдээ Засгийн газрын 10.2 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан. Үлдсэн нэг арилжааг ирэх Мягмар гаригт хийнэ. Үүгээр эрх олгосон 100 тэрбум төгрөгийн үлдэгдэл 89.8 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах юм.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Гурван удаагийн арилжаагаар нийтдээ 10.2 тэрбумыг худалдсан юм бол нэг удаагийнхаар 89.8 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалж чадах уу?
Д.Ангар: Зах зээлийн байдлаа харахад тэгж чадахгүй юм шиг байна. Хэрвээ Засгийн газрын бонд үлдвэл дахиад Сангийн яамтай ярина. Ирэх сард үргэлжлүүлээд арилжих уу, эсвэл зогсоох уу гэдгээ шийднэ.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Гэхдээ Хөрөнгийн биржийн хувьд тасралтгүй арилжаа хийж байх нь илүү чухал юм биш үү?
Д.Ангар: Бидний хүсч байгаагаар зарагдаагүй үлдсэн үнэт цаасаа дараагийн сардаа шилжүүлээд арилжиж байх гэсэн хүлээлттэй байгаа. Эцсийн шийдвэрийг Сангийн яам л гаргана.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Ямар зориулалтаар гаргасан үнэт цаас юм бэ?
Д.Ангар: Төсвийн зориулалтаар гаргасан бонд.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Төсвийн зориулалт гэдэг нь ?
Д.Ангар: Эргэн төлөлт нь төсвөөс хийгдэх бонд гэсэн үг л дээ. Маш сайн нөхцөлтэй гаргаж байгаа үнэт цаас. 3 сарын хугацаатай, татвараас чөлөөлсөн, ямар ч эрсдэлгүй, хүүгийн өгөөж 16%-тай байхаар тооцож гаргасан. Үнэт цаасаа худалдаж аваад ямар ч зорилгоор хэрэглэж болно. Хүнд бэлэглэх, барьцаалах боломж нээлттэй. Бидний төсөөллөөр бол зах зээл дээр энэхүү Засгийн газрын бондтой өрсөлдөх бүтээгдэхүүн байхгүй учраас маш хурдан зарагдах байх гэж тооцож байсан. Гурван удаагийн арилжаагаар 10 тэрбумыг зарсан нь нэг талдаа ололт. Гэхдээ анхны санасан хэмжээнд хүрэх хангалттай биш л дээ. Гол зориулалт нь жижиглэнгийн буюу жижиг хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжид зориулсан байсан. Гэтэл нийт оролцогчдыг шүүж үзэхэд зорилтот хөрөнгө оруулагчдын бүлэгт буюу иргэд, аж ахуйн нэгжид хүрсэнгүй. Эндээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт тааруу, үүнийг сонирхох сонирхол, итгэлцэл байхгүй нь харагдаж байна. Маш сайн нөхцөлтэй бонд гаргаж байхад хэн ч мэдэхгүй, худалдаж авахгүй байгаа нь энэ чиглэлийн мэдлэг боловсрол дутмаг байгаатай холбоотой. Жишээ нь: хадгаламждаа байгаа нэг сая төгрөгөөрөө гурван сарын хугацаатай Засгийн газрын бонд худалдаж авсан бол 16%-ийн өгөөж авах боломж нээлттэй байсан гэсэн үг шүү дээ
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Танай байгууллагын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд хэрхэн ажиллаж байна вэ ?
Д.Ангар: Энэ бол зөвхөн Хөрөнгийн биржийн хариуцах ажил биш. Үндэсний хэмжээнд ярих ёстой асуудал. Манай байгууллагын зүгээс цахим хуудсаараа дамжуулж мэдлэг мэдээлэл өгөхөд анхаарч байна. Жижиг хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн урсгалыг нэмэгдүүлэх үүднээс ухаалаг утсанд зориулсан апплекейшныг сарын өмнө олон нийтэд хүргэж эхэллээ. Мөн бонд хувьцаа гэсэн чиглэлээр сонин, хэвлэлээр дамжуулан мэдээлэл хүргэхэд анхаарч ажиллаж байна.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Гаднын хөрөнгө оруулагч орж ирээд Манай Засгийн газрын бондыг худалдан авах боломж хэр нээлттэй байгаа вэ ?
Д.Ангар: Дотоодын хөрөнгө оруулагчид үндэснийх нь валютаар илэрхийлсэн Засгийн газрын үнэт цаас авахад ямар ч эрсдэл гардаггүй. Харин гаднын хөрөнгө оруулагчдад нэлээд асуудал бий. 16 хувь бол өндөр өгөөжтэй учраас эрэлт ихтэй. Үүнийг, ер нь хөрөнгийн зах зээлийн ойлголт сайтай учраас гаднын хөрөнгө оруулагчид маш их сонирхдог. Гэхдээ гаднынхан манай Засгийн газрын бондыг авахын тулд өөрийн ашиглаж байгаа тухайн валютаа Монголд оруулж ирж төгрөгөөр солино. Тэгж байж Засгийн газрын үнэт цаас авна. Гурван сарын хугацаатай 16%-ийн өгөөж авна. Тухайн хөрөнгө оруулагч ашгаа хүртчихээд буцаад улс руу гаа явна. Ингэхдээ төгрөгөө буцаад валютаар солиулна. Гэтэл тэр үеийнх нь валютын ханш нь тодорхой биш байдаг. Үүнээс гадна хөрөнгө оруулагчид ихэд болгоомжилдог. Тиймээс Хөрөнгийн бирж Засгийн газрын үнэт цаасан дээр үндэслэн валютын нээлттэй арилжааг эхлүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Бид энэ чиглэлийн гэрээг байгуулахаар олон улсын байгууллагуудтай ярилцаж байгаа.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллаж нэлээд шинэчлэл хийсэн гэж ярьдаг. Өнөөдөр бодит байдал дээр шинэчлэлийн үр дүн гарч байна уу?
Д.Ангар: Үр дүн гарсан. Гэхдээ тухайн үед ярьж байсан бүх зорилт биелсэн гэж хэлэхгүй. Лондоны хөрөнгийн биржтэй маш олон чиглэлээр хамтарч ажиллах тухай 300-400 хуудастай гэрээг байгуулсан байдаг. Тэнд маш олон ажлыг хийхээр тусгасан. Хамтран ажиллах гурван жилийн хугацаанд Үнэт цаасны хуультай болсон. Энэ хууль маш сайн болсон. Үүнийг дагаж Хөрөнгийн биржийн төлбөр тооцоо арилжааны системд тодорхой хэмжээний өөрчлөлт орсон. Олон улсын стандартад дөхүүлсэн гэсэн үг. Одоогоор бүрэн хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэн. Ер нь Лондоны Хөрөнгийн биржийн стратегийн түнш гэдэг статус бидэнд хамгийн чухал байгаа. Программ хангамж шинээр авах нь чухал биш байсан. Харин стратегийн түнш гэдэг статусаа авч түүндээ тулгуурлан хууль, эрх зүйн орчноо шинэчилж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах нь гол байсан. Гэтэл программ хангамж авсан ч түүнийгээ бүрэн ажиллуулж чадахгүй будлисан.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Өнгөрсөн намар Лондоны Хөрөнгийн биржтэй хйисэн гэрээний хугацаа дуусч, дахиад гурван жилээр сунгасан гэж сонссон. Тэгэхээр энэ хугацаанд стратегийн түншлэлээ баталгаажуулж амжихгүй юу ?
Д.Ангар: Лондоны Хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээгээ өнгөрсөн 9-р сард гурван жилээр сунгасан. Түншлэлийн гэрээг байгуулсан. Түнш гэдэг статусаа хоёр талдаа хадгалж тодорхой хэмжээний ажил хийнэ. Санхүүгийн үүсмэл хэрэгслийн арилжааг Монгол Улсад нэвтрүүлэхэд хоёр тал хамтарч ажиллана. Хөрөнгийн зэх зээлийн идэвхийг нэмэгдүүлж, аж ахуйн нэгж, компаниуд IPO гаргахад нь амжилттай болох боломж нэмэгдэнэ гэсэн үг.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Лондоны Хөрөнгийн биржээс системийн шинэчлэл гэхээр нэлээд хөрөнгө зээлсэн. Тэр зээлийн төлбөр хийгдэж дууссан уу?
Д.Ангар: Тодорхой хэмжээний үлдэгдэл байгаа. Төсвөөс төлнө. Зээлийг төлөх үүргийг Засгийн газрын тогтоолоор Сангийн яам хүлээж байгаа.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Уг нь Улс орны санхүүгийн системийг харахад Хөрөнгийн бирж нь илүү хөгжсөн байдаг. Гэтэл манайд банк, санхүү, даатгалын системээсээ Хөрөнгийн биржийнх нь хөгжил хоцрогдож яваад байх юм.
Д.Ангар: Хууль эрх зүйн орчин нь тодорхой, зохицуулах байгууллага нь бэхэжсэн үед зорилтоо зөв тодорхойлж, ажлаа зөв зохион байгуулж ажиллавал энэ салбарыг хөгжүүлэхэд тийм урт хугацаа орохгүй байх гэж бодож байна. Ойрын 3-5 жилийн хугацаанд томоохон хэмжээний өөрчлөлт гарна гэж хардаг.
Сэтгүүлч Э.Мөнхцэцэг: Ирэх жилүүдэд эдийн засаг хүндхэн хямралын шинжтэй байна гэж эдийн засагчид үзэж байгаа. Ийм үед хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа вэ ?
Д.Ангар: Дэлхийн улс орнуудын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг судлахад хямралтай жилүүдэд илүү нөхцөл бололцоо нь нээгдэж хөгжиж дэвшсэн байдаг. Хямралтай үед мөнгө олох нь хэцүү байдаг учраас хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгодог. Солонгос, Малайз, Тайланд зэрэг улсын түүхийг харахад 1996 оноос маш хурдтай хөгжсөн байдаг. Тухайн үед хямралын жилүүд байсан. Тэгэхээр бид мөн хямралыг ашиглаж хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж болно гэж харж байгаа юм. Хямралтай үед аж ахуйн нэгжийн орлого буурснаас болж татварын орлого тасалдаж, Засгийн газар алдагдалтай ажиллана гэсэн үг. Алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газар бонд гаргана. Тэр нь хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх эхний хэрэгсэл нь болно шүү дээ. Хамгийн эрсдэлгүй бүтээгдэхүүн сайн арилжаалагдаж байж компанийн хувьцаа, бонд хөгждөг. Сүүлийн 20 жил Засгийн газрын бондын арилжаа хөгжөөгүй учраас энэ төрлийн зах зээлийн хөгжил сул байгаа юм.
Мэдээллийн алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ