“Монголын хөрөнгийн бирж” ХК Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай хамтран “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл ба хөрөнгийн зах зээл” сургалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Нэгдсэн арга хэмжээний өнөөдрийн үйл ажиллагааг (2024.11.29) нээж Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл танилцуулга мэдээлэл хийсэн бол Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн шинэчлэл” сэдвийн хүрээнд МУ-ын Засгийн газрын баримталж буй бодлого, төлөвлөлт, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар өргөн хүрээний мэдээлэл хийлээ.
Түүнчлэн:
-
Төрийн болон орон нутгийн өмчит компани, үйлдвэрийн газруудын өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага, компанийн засаглал, олон улсын сайн туршлага
-
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хууль эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал сэдвийн хүрээнд тус тус танилцуулга, панел хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн энэ үеэр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ “Үнэт цаасны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, /Төрийн өмчит компаниудын IPO/” сэдвийн хүрээнд, Хяналт зохицуулалтын газрын Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн М.Энхтуяа "Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийн үйл явцад анхаарах зүйлс, үүргийн хэрэгжилт” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийж, төгсгөлд нь панел хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
Сургалт, хэлэлцүүлгийн нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа боллоо.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ