• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51787

( 74.5 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51787 74.5
MSE A Индекс 19971.18 37
MSE B Индекс 15604.03 -15.11

Мэдээ мэдээлэл

01-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-22 16:32:58

Энэ өдөр нийт 25,012,287,265 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг BIDB үсгэн кодтойгоор эхлүүллээ.

01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-01-21 16:18:10

Энэ өдөр нийт 28,476,673,856 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

"БИД 2.0" БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-01-22 10:56:32

“Монголын хөрөнгийн бирж” ХК өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэтгэлийн танхимд /2025-01-22/ "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолыг зохион байгууллаа. 

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Алтансүх, “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Сайн байцгаана уу. "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн “БИД 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслолд хүрэлцэн ирсэн эрхэм зочид та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Банк бус санхүүгийн ууган байгууллагуудын нэг, салбартаа 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, жил бүр 15-40 хувийн нийт хөрөнгийн өсөлтийг тогтмол үзүүлдэг танай хамт олон 2025 он  гарснаар хойш Монголын хөрөнгийн бирж шинэ бүтээгдэхүүн гаргаж буй анхны компани болж буйг онцлохыг хүсч байна.

Цар тахлаас хойших он жилүүдэд банк бус, санхүүгийн салбарт гарсан томоохон өөрчлөлт нь финтек технологид суурилсан гар утасны аппликэйшнээр дамжуулж хялбар зээл олгох үйлчилгээ байлаа. Орчин үеийн чиг хандлага, технологийн шийдэлд тулгуурлан 2021 оноос финтек зээлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэлэг бүтээгдэхүүнээр бизнесийн түүхээ өргөжүүлсэн танай хамт олонд баяр хүргэж арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсье.

Өнөөдрөөс эхлэн Монголын хөрөнгийн биржээр дамжуулж 24 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг тогтмол хүүтэй энгийн бондыг тус компани олон нийтэд санал болгож, 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээ зарласан. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр бизнесийн үндсэн үйл ажиллагаа болон зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээ мэдэгдээд байна.

Ингээд эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг арилжаанд нээлттэй оролцохыг урьж байна. "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн “БИД 2.0" бондын арилжааны үйл ажиллагаанд нь амжилт хүсч, цан цохих ёслолын ажиллагаа нээснийг мэдэгдье!” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал: 

Санхүүгийн зохицуулах хороо 3 жилийн өмнө хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлэх хөгжүүлэх, тэр дундаа бондын зах зээлийг хөгжүүлэх бодлого барьж ажиллан, Өрийн хэрэгслийн журмыг гаргасан. Ингэснээр хөрөнгийн зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гарч бондын зах зээл нэлээд өсөлт үзүүллээ. Энэ үйл явцад хөрөнгийн зах зээлийн оролцогчид, Үнэт цаасны компаниуд идэвхтэй хамтран ажилласныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн эдийн засагт гүйцэтгэж буй үүрэг жил ирэх тусам өсч байна. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, санхүүжилт оруулах хэмжээг нэмэгдүүлэх талаар тодорхой чиглэл өгч ажилласан.

Тоймлож үзвэл сүүлийн 4 жилд бодит секторт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгч, байгууллагууд хөрөнгийн зах зээлээс 6.3 их наяд төгрөгийн санхүүжилт босгосон байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны үр дүн юм.

Түүнчлэн 2024 онд “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдсан. Үүний дагуу бид хэд хэдэн журмыг батлахаар ажиллаж байна. Хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахаар Хадгаламжийн сертификатын журмыг батлахад бэлэн болсон. Мөн  Хамтын санхүүжилтийн журмыг батална. Үүнийг дагаж Жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес эрхлэгчид хямд зардлаар хөрөнгийн эх үүсвэр татах боломж бүрдэнэ гэж үзэж байна. Зах зээлийн оролцогч байгууллагуудтайгаа хамтран ажиллах болно.

Ингээд "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн бондын анхдагч зах зээлийн арилжаанд амжилт хүсье” хэмээн хэллээ.

“Өлзий энд Ко капитал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр:

“Эрхэм зочид, хамтран ажиллагч байгууллагын төлөөллүүддээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Хөрөнгийн зах зээлд шинээр гарч буй “БИД 2.0" бондын талаар хоёр зүйлийг онцлон хэлье.

Нэгдүгээрт: Монголд хамгийн өндөр зээлжих зэрэглэлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компани бол "Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК

Хоёрдугаарт: Тус компани биржийн бус зах зээлээс мэргэжлийн хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж байсан туршлагатай ч энэ удаа Монголын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй бонд гаргаж байгаа нь  нийгмийн хариуцлагын хүрээд олон нийтийн санхүү, хөрөнгө оруулалтын мэдлэгийг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна” гэв.

"Бизнес-Инвест девелопмент ББСБ" ХХК-ийн ТУЗ-ын дарга А.Алтансүх:

“Манай хамт олон Монголын хөрөнгийн зах зээлд 2025 оны анхны шинэ бүтээгдэхүүнийг гаргаж, цан цохиж байгаадаа маш их бэлгэшээж байна. Энэ түүхэн үйл явдлын гэрч, хамтрагч болсон эрхэм та бүхэнд талархал илэрхийлье.

Бидний татан төвлөрүүлсэн хөрөнгийн санхүүжилт хэрэглээний зээлд хөрөнгө оруулалт болж гарахгүй, зөвхөн бизнес эрхлэн орлого олдог хэсэгт очно. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд манай компани энэ оны 1-р улиралд “Харилцагчийг хамгаалах олон улсын стандарт болон БОНЗ-ын анхны шатлалыг хамгаалахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бүхэн манай ББСБ-аар дамжиж буй жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих үйл явц болж буйд баяртай байна. Эрхэм хөрөнгө оруулагч та бүхэн бидэнтэй итгэл төгс хамтран ажиллахыг урьж байна” гээд арилжааг нээн цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ