Энэ сард нийт 21 удаагийн арилжаагаар 63 компанийн 798.7 мянган ширхэг хувьцааг 353.4 сая төгрөгөөр, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 295.3 мянган ширхэг үнэт цаасыг 28.5 тэрбум төгрөгөөр, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,896 ширхэг үнэт цаасыг 582.5 сая төгрөгөөр арилжиж, нийт 29.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
Арилжааны үнийн дүнгээр “Апу ХК” /100.7 сая төгрөг/, “Мерекс ХК” /43,2 сая төгрөг/, “Говь ХК” /42.4 сая төгрөг/, “Талх чихэр ХК” /36.6 сая төгрөг/“ Гермес центр ХК” /24.4 сая төгрөг/ зэрэг ХК-ийн үнэт цааснууд идэвхтэй арилжигджээ.
“Мерекс“ ХК-ийн 490.5 мянган ширхэг, “Гермес центр” ХК-ийн 175.4 мянган ширхэг, “Ремикон” ХК-ийн 32.4 мянган ширхэг, “Апу” ХК-ийн 28.9 мянган ширхэг, “Женко тур бюро” ХК-ийн 19.4 мянган ширхэг хувьцааг арилжсан нь тоо ширхгээр хамгийн их арилжигдсан үнэт цааснууд юм.
Энэ сард Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа 4 удаа явагдаж, 12, 28, 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай нийт 295.3 мянган ширхэг үнэт цаасыг 28.5 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Мөн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,896 ширхэг үнэт цаасыг 582.5 сая төгрөгөөр арилжсан байна.
Нийт 63 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 11 үнэт цаасны ханш өсч, 45 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
MSE ALL индекс 921.67 нэгж байгаа нь өмнөх сарын эцсээс 30.3 нэгжээр буюу 3.18 хувиар буурсан байна. MSE ALL индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 951.56 нэгж, доод үзүүлэлт нь 921.67 нэгж, дундаж үзүүлэлт 936.98 нэгж байлаа.
Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид АПУ, Таван толгой, Говь, Бэрх уул, Шивээ овоо, Багануур, Шарын гол, УБ-БҮК, Монгол секьюритис, Сүү, БиДиСек, Монголын цахилгаан холбоо зэрэг компаниуд орж байгаа бөгөөд Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1 их наяд 253.8 тэрбум төгрөг болж өмнөх сараас 27.7 тэрбум төгрөгөөр буюу 2.20 хувиар буурсан байна.
2015 оны эхний 5 сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны арилжаанд оролцсон гадаадад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны нийт үнийн дүн 196.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 187.7 тэрбум төгрөгөөр эрс нэмэгдсэн байна.
Мөн арилжааны идэвх нэмэгдэж байгаагийн хэрээр 2015 оны эхнээс 5 сарын 31-ний хүртэлх хугацаанд шинээр 8,093 үнэт цаасны арилжааны данс шинээр нээгдэж, хөрөнгийн зах зээл дээр шинэ тоглогчид нэмэгджээ.