• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.АНГАР "MONGOLIAN ECONOMY" СЭТГҮҮЛД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

2015-06-22 10:48:01
-Монголын Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай гэж сүүлийн хэдэн жил ярилаа. Дорвитой өөрчлөгдсөн зүйл алга. Учир шалтгаан нь юунд байна вэ?

-Нэгдүгээрт,  ярихаас илүү Хөрөнгийн биржийг бодитой хөгжүүлэх нь улс орны хөгжлийн  нэг гол түлхүүр гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Түүн дээрээ тулгуурласан дунд болон урт хугацааны төлөвлөгөө, түүнийг  хэрэгжүүлэх субьектүүдийг нарийвчилж зааж өгсөн хөтөлбөрийг гаргах шаардлагатай гэж би харж байгаа. Миний хувьд Хөрөнгийн биржид ирээд нэг жил болж байна. Иргэдийн хувьд Хөрөнгийн бирж, хөрөнгийн зах зээл гэхээр их хол сонсогддог. Ойлгомжгүй, төвөгтэй, мэддэггүй салбар гэх хэсэг байна. Арай жаахан мэдлэгтэй нь энэ угаас бүтэхгүй салбар гэнэ. Тэгэхээр Хөрөнгийн бирж хөгжлийн нэг түлхүүр болох нөхцлийг бүрдүүлмээр байна. Тус байгууллагыг өөрчилж, шинэчилье гэх үг бол хангалттай гарсан, харин үйлдэл нь дутаад байна.

-Яг ямар үйлдлүүд хийх ёстой вэ. Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого,   хууль дүрэм байна уу?

-Нэгдүгээрт,   цаасан дээр буусан хэзээ ч хэрэгждэггүй төлөвлөгөө,   баримт бичиг шаардлагагүй. Харин төрөөс бодитой, дорвитой хоёроос гурван томоохон үйлдэл хийчихвэл энэ зах зээл хурдан сэргэх боломжтой. Учир нь энэ өөрөө олон нийтийн зах зээл. Тус зах зээлийг нэг л зөв замаар ажиллуулаад эхэлчихвэл хэн нэгэн хүн ирээд зогсооно гэж байхгүй. Зөв ажиллаж байгаа тохиолдолд Хөрөнгийн бирж улс төрөөс хараат бус болчихдог. Өөрөө өөрийгөө зохицуулаад явчихдаг зах зээл. Миний бодлоор 1990 онд томоохон хувьчлал явсан. Ягаан, цэнхэр тасалбар нь хөрөнгийн зах зээлийг хөдөлгөсөн нэг гол  хүчин зүйл мөн байсан. Түүнээс хойш төрөөс энэхүү зах зээлийг ерөнхийдөө зөнд нь хаячихсан.   
Хөрөнгийн биржийн захиралд том зах зээлийг ганцаараа хөдөлгөх хүчин мөхөсдөнө. Үүнд төрийн оролцоо юу байх вэ гэхээр, дээр үед олон араанаас бүрддэг “баадуутай цаг” гэж байдаг байсан даа. Тэр цагны баадууг эхэлж эргүүлэх хүч хэрэгтэй. Нэг эргэчихсэн тохиолдолд тэр цаг өөрөө эргээд ажиллана. Төрийн зүгээс Хөрөнгийн биржийн цагны эхний баадууг л хөдөлгөөд өгчихмөөр байгаа юм.
Үнэхээр Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийг зорьсон бол томоохон боломжууд арав,  таван жилийн өмнө байсан гэж би хардаг. Нэгдүгээрт, төрөөс компаниудад маш их хэмжээний хөнгөлөлт, татаас өгдөг. Жишээлбэл, “Чингис бонд”-оос том үйлдвэрүүдэд санхүүжилт олгосон. Тэгвэл төр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье, компаниудаа ил тод,  нээлттэй, олон нийтийн компани болгоё гэдэг чин зорилттой байсан бол компаниудад шаардлага тавьж болох байсан. “Та нар хувьцаат компани бол,   Хөрөнгийн биржид бүртгүүлээд ир. Хувьцаагаа олон нийтэд санал болго. Үүний дараа та нарын гаргасан бондыг худалдаж авъя, хөнгөлөлттэй зээл өгье гэдэг ч юм уу ийм бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байсан болов уу. Ийм шаардлагыг таван жилийн өмнө гаргасан бол өнөөдөр 5-10 үндэсний аж ахуйн нэгжүүд олон нийтэд нээлттэй,  ил тод санхүүгээ тайлагнадаг, хариуцлагаа хүлээдэг, хувьцаат компани болох боломж нь байсан. Гэтэл өнөөдөр бүх компани хаагдмал хүрээнд ажиллаж байна. Хамгийн том компаниуд нь  хаалттай компаниуд. Төрөөс өгч байгаа татаас нь нь ч хаалттай. Ийм орчинд хөрөнгийн зах зээл хөгжихгүй.

-“АПУ” тэргүүтэй хувийн компаниуд ХК л байгаа шүү дээ.

- АПУ Говь зэрэг Хөрөнгийн биржийн тэргүүлэх компаниуд бий. Гэхдээ эдгээр нь 1990-ээд оны цэнхэр, ягаан тасалбараар үүссэн л ХК-иуд. Харин ХХК байж байгаад хувьцаат болсон жинхэнэ утгаараа олон нийтийн томоохон компани манайд бараг байхгүй. Миний бодлоор МCS, МАК,  Петровис гэх мэт үндэсний хувийн том компаниуд ХК байх ёстой гэж хардаг. Америкийн хамгийн том 100 компани нь Хөрөнгийн биржийнхээ хамгийн том, ТОП100 хувьцаат компани нь байдаг. Бусад улсад ч адилхан. Гэтэл Монголын хувьд хамгийн том 100 компани нь хувийнх,   гэр бүлийн бизнесээр яваад байгаа. Үүнийг мэдээж хүчээр задална гэж байхгүй. Харин хувийн хэвшлийн компаниудад ХК болох хүслийг нь төрүүлэхийн тулд төр татаас, урамшуулал, хөнгөлөлт чөлөөлөлтийг ашиглах шаардлагатай. Тухайлбал, татвар. ХХК орлогын албан татвар 10 хувийг төлдөг бол ХК 9.9 хувийг төлнө гэх мэтчилэн хугацаа заагаад өгчихвөл том компаниуд хөрөнгийн зах зээлд нээлттэй орж ирэх нөхцөл бүрдэнэ. Үүнийг л төрийн дэмжлэг гээд байгаа юм.
Уг нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал, газрын доорх баялаг, гурван сая иргэний боловсролын түвшин зэргийг аваад үзвэл Монголын хөрөнгийн зах зээл дэлхийн хэмжээнд биш юм аа гэхэд,  Азидаа өрсөлдөхүйц хэмжээний Хөрөнгийн бирж байх бүрэн боломжтой. Гагцхүү цагны баадууг л түлхэх төрийн хүч хэрэгтэй байна даа.

 -Төрд хөрөнгийн бирж гэдэг цагны зүүг хөдөлгөх дорвитой бодлого байхгүй хэрэг үү?
 
- Төр эхний алхмыг хийх ёстой. Хөрөнгийн бирж бол өдөр тутмын арилжааг зохицуулдаг л газар. Үүнээс гадна төрийн зүгээс хөрөнгийн биржээ хөгжүүлье гэдэг үг, үйлдэл хоёр нь нийцэж байх ёстой. Гэтэл ярихаас өөр үйлдэл гарахгүй байгаад л гол учир шалтгаан байна. Банкны системээр төрийн хэдэн их наяд төгрөг эргэлдэж байгааг хүн бүр мэдэж байна. Гэтэл Хөрөнгийн биржээр төрийн мөнгө эргэлдэх байтугай Засгийн газар нь өөрийн үнэт цаасныхаа дөнгөж 10 хувийг л зарж байна.

-Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтраад Монголын биржийг хөгжүүлээд өгнө гээд л хэдэн жил боллоо. Энэ чинь үйлдэл биш үү?

-Энэ бол нэг үйлдэл байсан. Харамсалтай нь үр дүн нь хангалтгүй байна. Том зорилт тавьсан боловч хэрэгжилтийнхээ шатанд гажуудал, алдаа гаргаад гурван жилийнхээ үр дүнг бид авч чадаагүй. Лондон бол үнэхээр зөв зорилт. Харин хэрэгжүүлж чадаагүй.  

-Лондонтой хамтрах төсөл дээр манайхаас ч зардал гарсан. Тэгэхээр ямар ч үр дүн гарсангүй гэсэн үг үү?

-Тодорхой хэмжээний үр дүн бий. Ямар ч байсан бид хууль, эрхзүйн орчноо шинэчилж авсан. Лондонгийн биржтэй байгуулсан гэрээний гол зорилго дэлхийн хэмжээний хөрөнгийн биржтэй болох юм шүү дээ.  Хөрөнгийн биржийн өмнөх захирал маань хүртэл зорилтоо бүрэн биелүүлсэн гээд ажлаа өгсөн. Гэтэл манай бирж өнөөдөр ямар байгаа билээ.

-Юун дэлхий вэ. Улсдаа ч сайн ажиллаж чадахгүй байгаа шүү дээ.

-Тиймээ. Монголдоо ч хүлээн зөвшөөрөгдөхгүй байна. Гүйцэтгэл нь ямар байгаа нь харагдаж байна. Шалтгаан нь Лондонгийн Хөрөнгийн бирж биш. Бид дэлхийн хэмжээний хөрөнгийн биржтэй болъё гэж зорьчихоод хэрэгжүүлэх нөхцлийг нь бүрдүүлээгүй. Алдаагаа бид өөрсдөөсөө хайх ёстой. Дотоодын хэрүүл тэмцэл, үл ойлголцол, маргаан зөрчилдөөн нөлөөлсөн.

Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв гэж огт шинэчлэгддэггүй, гурван жилийн гэрээг гацаасан байгууллагуудын нэг нь энэ төв мөн. Үүнийг бол хэзээ нэгэн цагт гаргаж тавих нь зүйтэй. Лондонгийн Хөрөнгийн бирж дэлхийн хэмжээний байгууллага. Гэтэл тэднийг Монголд орж ирээд 14 сая ам.долларын луйвар хийгээд хаяад явчихлаа. Лондонгийн бирж  биднийг хулхидчихлаа, муу гэрээ болж, ажилладаггүй програм шахсан байна, бид юу ч үгүй үлдчихлээ, үндэсний аюулгүй байдал алдагдлаа гээд л цуу үг тараасан. Уг нь Лондонгийн Хөрөнгийн бирж ийм байгууллага биш юм шүү дээ. Дэлхийн хэмжээний байгууллага. Хэрэв тэд ийм зүйл хийсэн тохиолдолд Лондонгийн Хөрөнгийн биржийн бүх бизнес, нэр хүнд дэлхий даяар унана.  Жилдээ тэрбум ам.долларыг цэвэр ашгаар олдог бизнес нь зогсоно. Бид л өөрсдөө тэгээд бодчихсон, түүндээ итгэчихсэн. Үүнийгээ хөөсрүүлчихсэн.
Миний хувьд Хөрөнгийн биржид орж ирснээр үүнийг ил гаргасан. Бид буруу бодож явж ирсэн байна. Лондонгийн Хөрөнгийн бирж дэлхийн санхүүгийн түүчээ байгууллага. Монгол Улсад хэзээ ч бохир зүйл хийхгүй. Асуудал нь бидэнд байна гээд дотоодын асуудлаа цэгцэлж, арилжаа эрхлэгчдийн холбоо,  брокерууддаа зөв ойлгуулахаар ажилласан. Тийм ч учраас өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд Лондонгийн бирж манайтай хамтран ажиллах гэрээгээ дахиад гурван жилээр сунгасан. Бид дэлхийн хэмжээний хөрөнгийн бирж болох дуусгаагүй зорилтоо хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
Сүүлийн нэг жилд брокерууд, хөрөнгийн биржийн хооронд хэрүүл, маргаан сонсогдоогүй байх. Ирэх долдугаар сарын нэгэнд Ерөнхий сайдын Их Британид хийх айлчлалыг тохиолдуулан Лондонгийн Хөрөнгийн бирж дээр Монголын хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ бол гэрээний ач тус.

-ТОП-20 индекс бий. Эдгээр 20 компани засаглалын хувьд дэвшилттэй, нээлттэй байж чадаж байна уу. Танай бирж энэ талд юу хийж байна вэ?

-Хөрөнгийн бирж дээр гарсан компани олон нийтийн статустай компани байдаг. Нэг захирлын мэдлийн хувийн компани биш. Үйл ажиллагаа нь нээлттэй,   ил тод тайлагнадаг,   хяналт тавьдаг, олон нийтийн компани байх ёстой. Манай Хөрөнгийн биржид ийм байдал алга. Хаагдмал түвшинд. Хоёр, гуравхан хүн нэг компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг. Санхүүгийн үйл ажиллагаа нь  төдийлэн нээлттэй биш. Ийм зах зээлд дэлхий битгий хэл хэн ч итгэхгүй. Компани өөрөө сайн засаглалтай байж сайн үлгэр жишээ үзүүлнэ. Улмаар хөрөнгө оруулагчдад итгэл үүсч,   компани ч өгөөжийг нь хүртэнэ. Нөгөө талаар шинэ компаниуд орж ирэх боломжийг нээж өгнө.
Хөрөнгийн бирж нь өөрөө бүх юмны сайн жишээ байх ёстой. Сүүлийн жилүүдэд хэдэн хаалттай компани ямар ч хяналтгүй явж ирсэн. ТОП 20 бол манай индекс. Энэ индексийг бүрдүүлдэг эдгээр компанид нэг шаардлага тавьж байгаа. “Та нар ТОП 20-д багтаж байгаа бол компанийн сайн засаглалтай,  өөрөө өөрсдийгөө үнэлдэг, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг байх ёстой“ гэж.
Компаниуд маань сурч эхэлж байна. Компанийн засаглалын үндсэн зарчмуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд, дутагдаж байгаа зүйлээ ойлгоод дараагийн шатандаа хийж эхэлж байна. Үр дүн нь тодорхой хэмжээгээр бидэнд мэдэгдэж байна. Төлөөлөн удирдах зөвлөлдөө хараат бус гишүүдийг элсүүлэх нь нэмэгдэж ирлээ. Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дүрмийн дагуу хийж, санхүүгийн мэдээллээ өөрсдийн вэбсайт дээрээ байрлуулж, Хөрөнгийн биржид ирүүлдэг болж байна. Энэ бол нэг дэвшил. Гэхдээ бидний гол зорилго энэ хэдэн компанитайгаа зууралдах биш,  Монголын томоохон компаниудыг оруулж ирэх явдал.

-Оюу Толгой, Тавантолгой гэх мэт томоохон компаниудыг тодорхой хувиа дотоодын бирж дээр гаргах хууль гаргасан шүү дээ. Энэ хууль хэр хэрэгжих боломж бүрдэж байна вэ?

-Нөгөө үг,   үйлдэл зөрдгийн нэг жишээ. Ашигт малтмалын тухай хуульд Стратегийн орд газруудын 10 хувийг Монголын Хөрөнгийн биржээр арилжаалах талаар заачихсан. 2013 онд УИХ-ын тогтоол гарсан байдаг. Гэтэл хуулийг хэрэгжүүлээгүй л байна. Хууль гарсан бол дагаж мөрддөг баймаар. Цаашдаа стратегийн орд эзэмшигч 15 орд  бүгдээрээ дотоодын биржид орж ирэх ёстой. Тэгж байж Монголын хөрөнгийн бирж дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Хэдэн хаагдмал төвлөрсөн хувьцаа бүхий жижиг компаниудтай байх юм бол хөрөнгө оруулагчдыг татаж чадахгүй.

-Монголын хөрөнгийн биржийг хувьчлах тухай ярьж байгаа. Хувьд очсоноор бирж хэр ажиллах бол?

-Хувьчлалын төлөвлөгөөг Засгийн газарт өргөн барьсан байгаа. Маш зүйтэй асуудал. Ер нь төр хамгийн муу менежер гэдгээ үг, үйлдлээрээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хувьчлалыг жинхэнэ шилдэг технологи, шилдэг менежмент, ноу-хау, шинэ тогтолцоо, үр ашиг гэж харах хэрэгтэй. Зуун хувь төрийн өмчит Хөрөнгийн биржид гаднын томоохон хөрөнгө оруулагчид итгэхгүй.
Хөрөнгийн бирж өөрөө олон нийтийн хувьцаат компани байх ёстой. Хувьцаа эзэмшигчид нь хөрөнгийн биржийг дунд хугацаанд маш хурдтай хөгжүүлэх гадаад,   дотоодын стратегийн хөрөнгө оруулагчид байх ёстой. Гэхдээ миний хувьд гадаадынхан давамгайлсан байгаасай гэж боддог. Яагаад гэвэл, өнгөрсөн 24 жил бид биржээ хөгжүүлж чадсангүй. Гаднын шилдэг менежмент, технологи, шилдэг ноу-хау, туршлага оруулж ирье гэж л байгаа бол  гадаадын стратегийн хөрөнгө оруулагчид л ажиллах ёстой.
Би Монголын Хөрөнгийн биржийг хувьчилж авах хүсэлтэй дотоодын хоёр гурван  хүн байдаг гэж сонссон. Гэхдээ тэр хүмүүсийн сонирхол нь бирж бус манай биржийн байр. Сүхбаатарын талбайн эргэн тойронд авч болох ганц үлдсэн төрийн өмч бол Монголын Хөрөнгийн биржийн байр гэж тэр хүмүүс харж байгаа бол тэр хүмүүсийг хувьчлалаас хол байлгаасай гэж бодож байна. Байрлал,  байранд шунасан хүн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй нь ойлгомжтой.

-Монгол Улсад банк болоод санхүү, хөрөнгийн зах зээлийн эзлэх хувийг харахаар үнэхээрийн хол зөрөөтэй тоо харагддаг. 95:3:2 гээд. Энэ зөрүүг яавал богино хугацаанд ойртуулах вэ?

-Гурван салбар байгаа. Хөрөнгийн зах зээл,   банк,   даатгал болон санхүүгийн бусад салбар. Энэ салбарууд дотроо Хөрөнгийн бирж хамгийн том нь буюу дор хаяж 40 хувийг эзэмшдэг байх ёстой. Одоо бол 95:3:2 харьцаатай. 95 хувь нь банк,   гурван хувь нь хөрөнгийн зах зээл,  үлдсэн нь бусад. Бусад дотор нь даатгал, бичил санхүү нь орсон. Тэгэхээр гурван хувийн хөрөнгийн зах зээл 40 хүртэл өсч байж эдийн засаг зөв хөгжинө. Монголын олонх компани өнөөдөр банкны барьцаанд орчихоод байна. Бүгд зээлтэй. Зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй. Монголын бизнесүүд муу байгаадаа биш. Санхүүгийн систем нь гажуудалтай, гажуудалтай юм руу компаниудаа чихээд оруулчихаар компаниуд нь гажуудаж байгаа юм. Энэ гажуудлыг засахын тулд санхүүгийн системийг зөв гольдролд нь богино хугацаанд оруулах нь чухал.
Хөрөнгийн зах зээлийг хүчээр биш, бодлогоор хөгжүүлэх ёстой. Энэ зах зээл нь банкны системээ давж ирж байж өөрөө 40 хувь,  банк нь 30 хувь, үлдэх 30 нь даатгал, бичил санхүүд байж эдийн засаг, санхүү зөв эргэлдэнэ. Аж ахуйн нэгжүүд, төр нь ч өөрөө урт хугацааны, бага хүүтэй бүтээн байгуулалтын санхүүжилт авдаг боломж нээгдэнэ. Тухайлбал, Засгийн газар өөрөө дотооддоо бонд гаргадаг. Харин үүнийг нь дөрөв таван банк л хувааж авдаг. Засгийн газар өөрөө тэр банкуудынхаа гарт орчихоод байгаа шүү дээ. Засгийн газар нь дөрөвхөн банкны хэмжээнд санхүүжилт босгож байхад аж ахуйн нэгжүүд нь хэрхэн санхүүжилт босгох вэ. Тэгэхээр хүссэн хүсээгүй банкны зах зээлийг хүчээр задлах ёстой болно. Маш хэцүү,   том асуудлуудтай тулгарна. Банкуудын эрх ашиг хөндөгдөнө. Төр, засгийн бодлого гаргагчид энэ асуудлыг алсын хараатай харах ёстой. Ийм эрсдлүүд байна. Ийм ажил хийгдэх юм байна. Гэхдээ дунд,  урт хугацаандаа улсын хөгжилд хэрэгтэй гэдгийг ойлгох ёстой. Яг одоогийн байгаагаар явах юм бол бизнес,  компани,   улс хөгжихгүй.

-Харин сүүлийн үед бирж овоо ашигтай ажиллаад байгаа мэдээлэл байна. Та  Монголын хөрөнгийн биржид ирснээр ямар тодорхой ажлууд хийсэн бол?

-Нэгдүгээрт, компанийн засаглал, хувьцаат компаниудыг ил тод байлгах дээр нэлээд анхаарч ажиллалаа. Компанийн засаглалыг шинээр гаргаж, хувьцаат  компаниудад шаардлага болгож тавилаа. Хоёрдугаарт,  “ТОП
20”-ын индекс нь тооцооллын гажуудалтай байсныг заслаа. Индекс гэдэг нь зах зээлд зөв илэрхийлж байж зөв мэдээ болж байх ёстой.
Хуучин ТОП 20 гэж индекс байсан бол одоо MSE ALL буюу бүх хувьцаат компанийн мэдээллийг хамруулсан шинэ индекс гаргаж ирсэн. Мөн Засгийн газрын үнэт цаас байна. Хөрөнгийн бирж бүтээгдэхүүнгүй болсон байсан. Дэлгүүрээр яривал бор давснаас өөр юмгүй байсан гэсэн үг. Тэгвэл Засгийн газрын үнэт цаас буюу энгийнээр яривал цэвэр ус гэдэг бүтээгдэхүүн оруулж ирсэн. Жимс, зайрмаг гээд олон юм зарж болно. Цэвэр ус бол хүн бүрийн хэрэглэдэг зүйл. Гэтэл хүн болгоны хэрэгцээний цэвэр усыг зөвхөн банкинд зараад байсан байгаа юм. Энэ хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг оруулж ирж олон нийтийн арилжаа болголоо. Хүн цэвэр ус авахаар дэлгүүр рүү явна.Цэвэр усны хажууд жимс байвал нэг ус, нэг жимс авдаг болно. Дараа нь сүү. Сүүгээ тавьчихвал манай дэлгүүрт компаниуд сүүгээ нийлүүлж эхэлнэ. Энэ мэтчилэн Хөрөнгийн биржийг бүтээгдэхүүнтэй болгох талд ажиллаж байна.
Монголын Хөрөнгийн бирж бонд зарж чаддаггүй,  өдрийнх нь арилжаа 5, 10 сая төгрөгөөс хэтэрдэггүй гэх ойлголт байсан. 2015 он гараад өдрийн дундаж арилжаа хоёр тэрбум төгрөгт хүрсэн. Сүүлдээ бонд маань эрэлтээ дийлэхээ болилоо. Хуучин зарагддаггүй байсан бол сүүлийн хоёр арилжаа дээр 115 тэрбум төгрөгийн захиалга ирлээ. Мөн бид гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөв зохистой мэдээллийг нь өгч, тэдний итгэлийг сэргээхээр ажиллаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гадаадын хөрөнгө оруулагч 20 хувиар нэмэгдсэн. Дотоодынх гэхэд хэдэн мянга дахин нэмэгдсэн. Бас нэг чухал зүйл бол Засгийн газрын үнэт цаас анх удаа зах зээлийн зарчмаар зарагдлаа. Дөрөвхөн банк бус,  500 орчим хүн Засгийн газрын бонд авчихаад байна. Цаашдаа мянга, хоёр,   гурван мянга руу явна.
Түүнчлэн Засгийн газрын үнэт цаасны хоёр дахь зах зээл бий боллоо. Мөн БИНСЭ компани санхүүжилт татах зорилгоор нэмэлт хувьцаа гаргалаа. Энэ сардаа багтаад бас нэг компани корпорацийн бонд гаргахаар яригдаж байна. Энэ жилдээ 10 компани шинээр хувьцаа гаргах боломжийг нээснээр Хөрөнгийн бирж 2015 ондоо нэг их наяд төгрөгийн арилжаа хийх зорилт тавьсан. Зорилтоо үйлдлээрээ харуулахаар хичээн ажиллаж байна.
 
Эх сурвалж: Mongolian Economy