МХБ-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК нь 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр “Сүү Бонд”-ыг МХБ-ээр дамжуулан арилжаалж олон нийтээс 6 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн нь МХБ-ийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болсон билээ.
Тус өрийн хэрэгслийг “Сүү” ХК нь өөрийн хувьцаагаар баталгаажуулан гаргасан бөгөөд жилийн 17.5 хувийн хүүтэй буюу банкны хадгаламжаас өндөр өгөөжтэй байсан нь хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлснээс гадна олон ААН-үүдэд бага зардлаар өөрсдийн бизнесийн санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой болохыг харуулж чадсан юм. Мөн "Сүү бонд" нь хоёрдогч зах зээл дээр идэвхтэй арилжаалагдаж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 4.8 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна.
Өнөөдөр "Сүү" ХК нь бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршуулснаар хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ 100% биелүүлж, МХБ-тэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үр дүнг дүгнэлээ.
”Сүү Бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт Капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Ард Капитал Групп ҮЦК” ХХК, “Тэнгэр Капитал ҮЦК” ХХК-ууд хамтран ажилласан болно.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ