Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Инвескор ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг эхлүүлсэнтэй холбогдуулан цан цохих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, "Инвескор ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд, “Инвескор ББСБ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баясгалан, "Ти Ди Би капитал ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Инвескор Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Уянгахишиг нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны 5,978 дахь арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.
“Инвескор ББСБ” ХК нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдад зориулсан 3-р самбарт бүртгэгдсэн бөгөөд энэхүү самбарт бүртгэгдсэн үнэт цаасны арилжаанд өмнө нь олон нийт түлхүү оролцдог байсан бол тус компани нь санал болгож буй нийт хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгох замаар мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог хангаж буйгаараа онцлогтой юм.
"Инвескор ББСБ" нь 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй, цаашид Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байгаа тухай үнэт цаасны танилцуулгандаа дурджээ.
Үнэт цаасны худалдан авах захиалгыг 2019 оны 5 дугаар сарын 22-29-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд, 5 дугаар сарын 30-ны өдөр 10:00-15:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн бүх гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авах юм.
"Инвескор ББСБ" ХК-ийн үнэт цаасны танилцуулгыг Эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ