- Сүүлийн үед компаниуд бонд гаргахад нээлттэй, даатгалын компаниудтай хамтраад ажиллавал дажгүй мөнгө босгох боломжтой гэж иргэд ярьдаг боллоо. Компаниуд бонд гаргах боломж жинхэнэ утгаараа нээгдсэн үү?
- Компанийн бонд гэж иргэд ярихаар бидэнд шинэ юм шиг сонсогдоод байна л даа. Уг нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн эхний бүтээгдэхүүн. Хөрөнгийн зах зээлийн үүсэл өөрөөсөө бондоос улбаатай. Анх Засгийн газрын бонд гаргаж байсан. Үүнийхээ дараагаар компаниуд нь бонд гаргасан. Бондын дараа хувьцааны арилжаа жинхэнэ утгаараа үүсдэг. Гэтэл бид 1990 онд ягаан, цэнхэр тасалбар гээд баахан хиймэл хувьцаа үүсгэж хүн бүрт өгсөн. Сонгодог утгаараа хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж гэж үзэхэд хүндрэлтэй л дээ. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл бонд гэдэг асуудлыг ойлгохгүй яваад байна. Бонд гэдэг бол хүн төрөлхтний урт хугацааны хэрэглээг хангаад ирсэн зүйл. Ер нь аж ахуйн нэгжүүд урт хугацаатай, бүтээн байгуулалтын, хөгжлийн төслүүдээ бондоор л санхүүжүүлдэг. Тоглоомын дүрэм нь тийм. Яагаад гэвэл урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг бондоор л босгож болдог. Гэтэл өнөөдөр эдийн засаг санхүүгийн хувьд маш том гажуудалтай болчихсон. 1990 онд үүссэн гажуудал өнөөдрийг хүртэл засагдахгүй яваад ирсэн. Тэр нь эдийн засгаа барьчихаад л байна л даа. Банкны систем дангаараа нийт санхүүгийн салбарын 95 хувийг эзэмшиж байгаа.
- Ингэхэд зүй жамаараа бол банкны салбар санхүүгийн салбарын хичнээн хувийг эзлэх учиртай вэ?
- Солонгорсон эдийн засгийн хувьд санхүүгийн салбарын 40 хувь нь хөрөнгийн зах зээл, 30 хувь нь банк, 30 хувь нь банк бус бусад салбар тодруулбал даатгал, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэтээр явдаг. Гэтэл манайд 30 байх ёстой хувь нь 95 болчихоор санхүүгийн том гажуудал болчихдог. Энэ рүүгээ бид компаниудаа чихэж оруулаад байгаа юм. Зөвхөн банкнаас зээл авахаас аргагүй гэчихдэг. Нэгэнт хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү нь байхгүй зах зээлд банкинд хандахаас аргагүй болчихож байна л даа. Банкнаас авдаг зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй. Дунджаар 2-3 жил, хүү нь 20-30 хувь. Ийм зээл рүү иргэд, аж ахуйн нэгжээ чихээд оруулчихаар улсаараа гажуудчихаад байна. Үүнийг засах ганц арга нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх. Хөрөнгийн биржийн удирдлага мундагтаа хийгээд байгаа юм биш л дээ. Угаасаа дэлхий нийтийн жишиг. Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь хөрөнгийн зах зээл, даатгал, банк. Гэтэл манайх банк гэдэг нэг шон дээр дэнжигнэж байгаа.Унавал улсаа доош нь унагах эрсдэлтэй. Тэгэхээр санхүүгийн салбарыг лебаралчлаад хувьцааг нь зөв тогтоох ёстой. Үүний тулд хөрөнгийн зах зээл нь хөгжих ёстой. Аж ахуйн нэгжүүд маань зөвхөн банкны зээлээр биш, 200, 300 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн, нотлогдсон санхүүгийн хэрэгслийг ашиглах ёстой. Энэ нь компанийн бонд.
- Компанийн бондыг хөрөнгийн зах зээл дээр яаж гаргах вэ гэдэг мөн л шинэ асуудал гэж бодож байна?
- Бонд гаргана гэж хүнээс мөнгийг нь зээлж байгаатай л агаар нэг. Таны гаргасан бондыг би худалдаж аваад оронд нь мөнгөө өгнө. Та миний өгсөн мөнгийг аривжуулаад буцааж өгөх учиртай. Тэгэхээр би таны зээлжих зэрэглэлийг тогтооно гэсэн үг. Олон улсад зээлжих зэрэшлэлийн компаниуд үүсчихсэн. “Стандарт энд пүүрс”, “Мүүдис”, “Фитч” гээд гурван том компани бий. Тэд бонд гаргаж буй компаниудыг судлаад зэрэглэл тогтоогоод өгчихдөг юм. ААА, АА, А ч гэдэг юм уу, ВВВ, ВВ, В гэх мэтээр. Хөрөнгө оруулагчид таныг судлах шаардлагагүйгээр эдний үнэлгээг хардаг. ААА бол эрсдэлгүй юм байна, таван хувьтай өгчихье гэнэ. С ангилалтай бол эрсдэлтэй юм байна, 10 хувиар мөнгө зээлье гэсэн шийдвэр гаргачихдаг. Ингэж хүүгээ тогтоодог. Манай улсын хувьд санхүүгийн систем нь хөгжөөгүй учраас зээлжих зэрэглэл тогтоодог функц нь дотооддоо байхгүй. Гандны том байгууллагуудын хөлсийг дотоодын компаниуд нь дийлдэггүй. Засгийн газрын хувьд тэдний зэрэглэлээр тогтоолгочихож байна л даа. Тийм учраас бид хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийн шаттай уялдуулаад орлуулах бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Даатгалтай уяаад өгчихөж байгаа юм. Хөрөнгө оруулагч бүр санхүүч байх албагүй. Хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөр бонд гаргаж хүүг нь авч болно. Зээлжих зэрэглэл байхгүй учраас тэрийг нь даатгалын компаниудаар оруулаад даатгаад өгчихөж байгаа хэрэг л дээ. Энэ хүн мөнгөө төлж чадахгүй бол даатгалын компани өмнөөс нь үндсэн болон хүүгийн төлбөрийг хийнэ гэчихэж байгаа юм.
- Тэгэхээр даатгалын компаниуд зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын үүргийг өөр дээрээ авчихаж байгаа юм байна. Ингэж ойлгож болох уу?
- Зарим талаараа тэгж ойлгож болно. Бид өнгөрсөн долоо хоногт Даатгалын холбоотой хамтраад даатгагдсан бонд гэсэн асуудлыг ярьсан.Энэ бол зөвхөн гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
- Компаниуд хэр сонирхож байна?
- Аж ахуйн нэгжүүдийн хувьд сонирхол өндөр байна. Ямар бүтээгдэхүүн гараад ирэв, бид яаж оролцвол боломжтой вэ гэж асууж эхэллээ.
- Тэгээд хамгийн боломжтой салбар нь тодорхой болж байна уу?
- Хамгийн боломжтой нь барилгын салбар байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд л Барилга хот байгуулалтын сайдтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Барилгын компаниудын хувьд заавал даатгалтай байх албагүй. Үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн компани бол даатгал төлж нэг, хоёр хувийн даатгалын зардал гаргахгүй байж болно. Хөрөнгө оруулагч нь хүлээн зөвшөөрч байвал асуудалгүй. Барилгын компаниудын бонд гаргах асуудлыг нээгээд өгчихөж байгаа хэрэг.
- Ойрын хугацаанд бонд гаргахаар компани байна уу?
- Ойрын хугацаанд нэг компани бонд гаргах нь тодорхой болсон. Энэ жилдээ багтаж дахиад гурваас таван компани бонд гаргах асуудал яригдаж байна. Гэхдээ ганц барилга биш л дээ.
- Хамгийн ихдээ хэдэн төгрөгийн бонд гаргах боломж компаниудад байна?
- Арав орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бонд гаргахаар ярьж буй кампани ч байна. Дажгүй явчихаар ажил гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр хөрөнгийн зах зээл дээр боломж бий.
- Хөрөнгийн зах зээлээс нийт хичнээн төгрөг босгох боломж бий гэж та харж байгаа вэ?
- Хөрөнгийн зах зээл дэх нийт эх үүсвэрийг 10 их наяд төгрөг гэж харж байгаа. Төсөлрүү оролцох бололцоотой 3-5 их наяд төгрөгийн боломж бий. Үүнийг татах өртөг нь хэд байх вэ гэсэн асуудал гарна. Санхүүжилтийн дундаж өртөг нь 12 хувийн хүүтэй. Энэ өртөг банкаар дамжихаар өөр. Эцсийн хэрэглэгч хүртэл ашиг нь нэмэгдээд 25-30 болчихож байгаа юм. Бонд гаргавал банкаар дамжихгүй. 12 хувийн эх үүсвэртэй шууд холбогддог. Дунд нь брокерийн шимтгэл гээд 0.01 хувь, даатгалын хураамж нэг хувь ч юм уу бий. Гэхдээ л 13 хувиас хэтрэхгүй. Тэгэхээр компаниудаар 13 хувийн хүүтэй, богино, дунд, урт хугацаатай бонд гаргах боломж нь нээлттэй гэсэн үг. Энэ нь бас нотлогдсон. Саяхан Засгийн газрын үнэт цаасны арилжаа маш амжилттай болсон. Засгийн газрын үнэт цаасны арилжаа аль ч улсын хувьд эрсдэлгүй учраас эрэлт өндөртэй байдаг. Гэтэл өнгөрсөн жил намайг ажлаа авахад зарагддаггүй, дөрөвхөн банк авч ядсан, хүү нь байнга өссөн дүр зурагтай байсан. Хөрөнгийн бирж арилжаанд ороод ирэхээр эрэлт нь нэмэгдчихэж байгаа юм. Зохиомлоор өсгөөд байгаа болов уу гэсэн сэрдэлт бий. Засгийн газрын үнэт цаас өнгөрсөн арваннэгдүгээр сард орж ирсэн. Тэр цагаас хойш хүү тогтмол буурсан. Бодитойгоор хоёр хувиар буурчихаад байна. Цаашдаа ч буурна гэсэн үг.
- Анх 16 хувиар гарсан гэхээр 14 хувь болсон гэсэн үг үү?
- Тийм. Уг нь намайг анх ажил авахад есөн хувь байсан юм. Эргээд есөн хувь руу орох боломжтой. Дөрөвхөн сарын дотор 16 хувь болж өсч байсан. Иргэд компаниудад шууд хамааралгүй учраас тоогоогүй. Гэтэл цаад утгаараа аж ахуйн нэгжүүдийн бонд гаргах боломжийг хаачихаж байгаа юм.
- Засгийн газрын үнэт цаасны хувь ес рүү ороход ямар боломж нээгдэх вэ?
- Компаниуд 11 юмуу 12 хувиар санхүүжилт босгох боломж нээгдэж байгаа юм.
- Засгийн газрын үнэт цаасны хүү хэзээ ингэж буурах боломжтой вэ?
- Мэдээж хүчээр бууруулна гэж байхгүй. Зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн зарчмаар буурна. Өмнө нь дөрөвхөн банк аваад ямар ч хяналтгүй өсч байсан. Одоо хүн бүр орох эрхтэй болсон. Мэдээлэл нь ил тод. Тэгэхээр шууд өсгөх боломжгүй болсон. Тийм учраас буураад байна л даа. Сүүлдээ буурахаас гадна бонд олдохоо болилоо.
- Тэгэхээр Засгийн газрын бондын арилжаа эрэлттэй болжээ. Сүүлийн арилжаа гэхэд ямар байв?
- Сүүлийн дөрөв, таван арилжаан дээр Хөрөнгийн бирж дээр 200 тэрбум төгрөгийн захиалга ирлээ. 70 тэрбумд нь л нийлүүлэлт хийлээ. Тэгэхээр 130-150 тэрбум төгрөгийн эрэлт байна. Энэ хэмжээний бэлэн мөнгө байгаа гэсэн үг.
- Цаашдаа хичнээн төгрөгийн эрэлт байна гэж харж байгаа вэ?
- Таван их наяд.
- Тэгэхээр Засгийн газрын бонд эрэлтээ дийлэхгүй байгаа юм чинь компани бонд гаргавал зах зээл байгаа гэсэн үг үү?
- Зах зээл шингээгээд авчихна.
- Манай даатгалын компаниуд баталгаа өгч байна гэхээр нэлээд боломжийн болжээ дээ?
- Даатгалын компаниудын хувьд хөгжлийн шат нь Хөрөнгийн биржтэйгээ адил шатанд яваа. Банк 95 хувиар давамгайлсан. Үлдсэн 5 хувийг нь бид хувааж байгаа. Мэдээж шууд том хөрөнгө оруулалт боломжгүй. Эхний ээлжинд 500 сая, нэг тэрбум гээд үе шаттайгаар нэмэгдэнэ. Даатгалтай 10 тэрбумын бонд гаргах болоогүй. Тэрбумаар эхэлж таарна. Бонд эргэж төлөгдөөд итгэл үүсвэл 80 хувьд нь даатгаад явах боломжтой. Ингээд бодохоор зах зээл дээр зөвхөн бондоор 500 тэрбумаас нэг их наяд төгрөгийн бонд гаргах өргөн боломж бий гэж харж байгаа. Цаашлаад таван их наяд. Санхүүгийн эх үүсвэр банкны хадгаламжийн хүүтэй тэнцэнэ. Одоо банкны хадгаламжийн хүү дунджаар 12 хувь байгаа. Цаашдаа буурна.
- Яагаад буурна гэж?
- Банкууд 12-15 хувийн хүүг өгч чадаж байгаа нь цаанаа учиртай. Нөгөө талдаа Засгийн газраас 16 хувийн хүүг авчихаж байгаа юм. Засгийн газрын хүү буурвал хадгаламжийн хүүгээ өгч чадахаа болино. Хадгаламжийн хүү нь өндөр байгаа нь нэг талдаа иргэдэд ашигтай. Нөгөө талдаа эдийн засгаа боомилж байгаа хэрэг. Хожиж байгаа нь ганцхан банк. Засгийн газрын үнэт цаасны хүү боломжит хэмжээндээ очвол банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулна. Ингэснээр аж ахуйн нэгжийн санхүүжилт авах өртөг нь буурч байгаа юм.
- Нээрээ л компаниудын толгойн өвчин нь санхүүжилт шүү?
- Яг тийм, санхүүжилт нь олдлоо гэхэд өндөр хүүтэй, богино хугацаатай. Бөөн юм болж зээл авдаг. Эхний жилээсээ л хүүгийн төлбөр, хоёр дахь жилээс үндсэн төлбөр нэхэгдэж, гурав дахь жилээс төлж чадахаа больдог. Өнөөдөр гэхэд л банкны системд муу зээл толгойн өвчин болж эхэлж байна. Аж ахуйн нэгж, эдийн засаг муудаа биш сайн аж ахуйн нэгжүүдийг муу зээлрүү шахаад оруулчихаар хэцүү байдал үүсчихэж байгаа юм.
- Мөнгөтэй иргэдийн хувьд найдвартай гэсэн компанийхаа бондыг худалдаж авах боломтой болж байгаа юм байна?
- Тэгэх бүрэн боломжтой. Тодорхой хугацааны дараа хүүг нь компани төлнө гэсэн үг. Хадгаламжтай адилхан. Засгийн газрын зээл дунджаар 15 хувийн хүүтэй байгаа. Компани хоёр хувийн нэмэлт хүү төлж байж таныг татна. Засгийн газрын өнөөдрийн хүү хөөсөрсөн, байж боломгүй хүү. Засгийн газрын хүү нь нэг оронтой тоо буюу есөн хувьруу орж байж аж ахуйн нэгж хоёр хувиа нэмээд 11 хувиар бонд гаргах боломжтой. Одоо бол Засгийн газар 15, аж ахуйн нэгж 17 хувиар гаргаж болно. Цаашдаа ч жамаараа аль аль нь буураад явна.
Эх суравалж: Өдрийн сонин 2015.06.25
Д.Баасансүрэн