Монголын анхны даатгагдсан компанийн бонд болох “Эрчим бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхэлсэнтэй холбогдуулан МХБ-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар, “Эрчим инженеринг” ХХК-ийн Ерөнхий захирал М.Батболд, Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Ж.Хишигжаргал нар “Цан” цохин Монголын хөрөнгийн биржийн 5037 дахь удаагийн арилжааг нээлээ.
Уг арга хэмжээнд “Соёмбо даатгал” ХХК-ийн ерөнхий менежер Э.Гантулга, Б.Гариг, “Голомт секьюритиз ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Амарбаясгалан, “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХНөхөрлөлийн партнер Д.Дүгэржав нар оролцлоо.
Эрчим бонд" нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай бөгөөд захиалгыг 2015.08.12-2015.08.20 өдрүүдэд хүлээн авч 2015.08.21 өдөр анхдагч зах зээлийн арилжаа нь эхлэх юм.
Тус бондыг худалдан авснаар дараах ач холбогдолтой. Үүнд:
• 100 хувь даатгагдсан, эрсдэлгүй үнэт цаас юм.
• Компанийн бондын /Эрчим бонд/ хүүгийн хэмжээ 18.5% байна. 2015 оны 8 дугаар сарын 11 байдлаар ижил хугацаат /6 сар/ арилжааны банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 13.2% байна.
• Компанийн бондыг худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагч нь анхдагч зах зээлээс гадна хоёрдогч зах зээл дээрээс хүссэн үедээ тус үнэт цаасыг худалдан авах болон эргүүлэн худалдах боломжтой юм.
Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж үзнэ үү.
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ