-Хөрөнгийн бирж түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй арилжаагаа хийлээ гэсэн мэдээ эдийн засаг хэцүү байгаа энэ үед таатай сонсогдож байна. Өмнө нь үүнтэй дөхүү арилжаа хийсэн жил бий юу?
-Мягмар гариг бүр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа явж байгаа. Уржигдрийнх ээлжит арилжаа байсан л даа. 5041 дэх нь. Арван тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалагдсан. Энэ он гарсаар нийт арилжааны дүн 354.4 тэрбум боллоо. Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдснаас хойшхи дүнтэй харьцуулахад хамгийн өндөр нь болж байгаа юм. Хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр арилжааг энэ жил хийсэн нь дөнгөж эхлэл. Хөрөнгийн зах зээл цаашдаа улам хөгжих, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах бололцоотой. Дөхүү арилжаа хийсэн жил гэвэл 2011 он байна. Тэр үед Монгол Улс дэлхийн гэж хэлж болохоор анхаарлын төвд байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтаас эхлээд бүх талаараа. Улс төр нь тогтвортой, эдийн засгийн орчин дажгүй байсан. 2011 онд 350.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байдаг.
-Засгийн газрын үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн орж ирээд бараг жил болж байна уу?
-Найм, есөн сар болж байна. Үнэнийг хэлэхэд манай зах зээлийнхэн ч тухайн үедээ таашаалтай хүлээж аваагүй. Манай зах зээлийн гол бүтээгдэхүүн бол хувьцаа. Засгийн газрын үнэт цаас Монгол банкин дээр байхад л болно гэсэн хандлага давамгайлж байсан. Гэтэл Засгийн газрын үнэт цаас зах зээлд бусад шинэ боломжуудыг нээж өгсөн.
-Компанийн бонд арилжаалахаар болсныг хэлж байна уу?
-Тийм.
-Ингэхэд компанийн бонд гаргах ажил хэр амжилттай байгаа вэ?
- Засгийн газрын бонд зарагдсанаар бусад санхүүгийн хэрэгсэл, тухайлбал компаниуд бонд гаргах боломж нээгдсэн. Ер нь Хөрөнгийн бирж гэдэг чинь дэлгүүр. Өмнө нь хүн ордоггүй, харанхуй, авахаар бараагүй дэлгүүр байсан. Гэтэл одоо Засгийн газрын үнэт цаас зарагдсанаар байнгын хүнтэй, байнгын эргэлттэй, үе үе том хэмжээний арилжаа хийчихдэг дэлгүүр боллоо. Энэ дэлгүүрийг бараагаа тавих, худалдан авалт хийх хүмүүсийн аль аль нь сонирхдог. Анхны даатгагдсан корпорацийн бонд болох “Эрчим” бонд өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ баасан гаригт захиалга нь хаагдах гээд байж байна. 500 орчим сая төгрөгийн бонд гаргах юм. “Эрчим инженеринг” компани тендерийн баталгаа гаргах зорилгоор гаргаж байгаа юм билээ. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн бүртгэлийн бүх шаардлагыг хангаад олон нийтэд зарагдах нөхцөл нь бүрдсэн.
-Энэ бондыг худалдаж авах хүмүүсийн сонирхол хэр байна?
-Захиалгын сан нээгдээд дөнгөж нэг цаг болоход 500 сая төгрөгөөс дээш хэмжээний захиалга ирчихсэн. Одоогийн байдлаар анх төлөвлөснөөс хоёр, гурав дахин их хэмжээний захиалга ирээд байна. Баасан гариг хүртэл нэмж захиалга орж ирэх байх. Бидний харж байгаагаар дор хаяж хоёр тэрбум төгрөгийн захиалга ирэхээр байна. Бусад компанийн хувьд хувьцаагаа биш юм гэхэд ямар ч байсан Хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж хөрөнгө татах боломж нээгдлээ. Ер нь бонд гэдэг тухайн компанийн нэрийн хуудас байдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүжилт нь зөв байх ёстой. Компаниуд хэн хамгийн урт хугацаатай, бага хүүтэй бондыг хамгийн хурдан хугацаанд гаргаж байна вэ гэдгээрээ өрсөлддөг. Дахин хэдэхэд энэ бол тухайн компанийн санхүүгийн зах зээл дэх нэрийн хуудас нь. Зээлжих зэрэглэл нь AAA үнэлгээтэй “Apple”, “Coca cola” зэрэг компани гэхэд л 500 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний санхүүжилтыг нэг сарын дотор 3-5 хувийн хүүтэй босгоно гэдгээрээ өрсөлдөнө гэсэн үг. Үүнийг л Монголын хөрөнгийн зах зээл дээр ажил болгоё гэж байгаа юм. Эхлэл нь “Эрчим” бонд.
-Тэгэхээр компаниудын хувьд банкны богино хугацаатай зээлээс гадна урт хугацаатай, хүү багатай мөнгийг хөрөнгийн захаас босгох боломж нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?
- Тэгж ойлгож болно. Компаниудын санхүүжилтын зам сүүлийн 25 жилд нэг л байсан. Тэр нь аль нэг арилжааны банкин дээр очиж зээл хүсэх. Цаашаа явахгүй зам л даа. Банкны системийн гаргадаг бүтээгдэхүүн нь урт хугацаатай биш. Дэлхий нийтийн жишиг нь ч тийм. Манайд бусад зах зээл нь хөгжиж амжаагүй учраас ямар нэг өөрчлөлтгүй яваад байгаа. Уг нь санхүүгийн зах зээл нь хөгжсөн бусад улсын хувьд богино хугацаатай санхүүжилтээ банкнаас, урт хугацаатайг нь хөрөнгийн зах зээлээс босгодог. Энэ бол тогтсон зарчим. Бид ч гэсэн ийм чигээр явахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Ингэлээ гээд байнкны систем муудна гэсэн үг биш. Хөрөнгийн зах зээл, банкны зах зээл хамтдаа хөгжиж байж, эдийн засгийнхаа тулгуур болох ёстой. Гэтэл өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк гэчихээр эдийн засгийнхаа нийт хөгжлийг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм. Өөрөө ч хөгжихгүй, бусдыг ч хөгжүүлэхгүй яваад байна. Тэгэхээр юуны өмнө санхүүгийн гажуудлаа засах ёстой. Засах арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Цаашлаад үе шаттайгаар бусад зах зээлдээ анхаарах учиртай. Жишээ нь даатгал байна. Даатгагдсан бонд гаргана гээд байгаа нь ийм учиртай. Хөгжиж чадахгүй байгаа хоёр зах зээл дундаасаа бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа хэрэг. Төрөөс ч бодлогоор дэмжих ёстой.
-Компанийн бондыг компаниуд хэр сонирхож байна вэ?
-Маш их сонирхож байна.
-Аль салбарынхан голчлон сонирхож байгаа вэ, лав л барилгын салбарынхан сонирхлоо илэрхийлчихсэн...?
-Үйлдвэрлэл явуулдаг компаниуд их сонирхож байгаа.
-Ер нь ойрын үед компанийн даатгагдсан бондоор хэчнээн төгрөг босгох боломж харагдаж байгаа вэ?
-Ирэх нэгээс хоёр сарын дотор таваас арван тэрбум төгрөгийн бонд гаргачих болов уу. Эрчимтэй судалгаа хийгээд явж байна. Бидний зорилго бол ТОП-100 компани. “Эм си эс”, “МАК”, “Петровис”, “Моннис” зэрэг компаниуд бүгд хөрөнгийн зах зээл рүү орж ирэх ёстой. Бонд гаргаж, бондынхоо өгөөжөөр өрсөлдөж, хамгийн бага хүүтэй хамгийн найдвартай гэсэн нэрийн хуудсаа гаргах цаг ирсэн. Бонд гаргаж байгаа компани муу гэсэн үг биш. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж байгаа л гэсэн үг. Банкнаас зээл авах нь зөвхөн хоёр талын нуугдмал харилцаа учраас ямар хүүтэй, хэр итгэлцэл үүсэх нь мэдэгддэггүй. Олон нийтэд зарж байгаа тохиолдолд өөр. Олон нийт таны гаргасан үнэт цаасыг авч байна гэдэг ондоо зүйл. Тэд танд итгэж байгаа гэсэн үг. Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсын гол үзүүлэлт энэ л дээ.
-Хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хэт цөөн, арилжаа нь хязгаарлагдмал хүрээнд эргэлддэг гэдэг. Үнэт цаасны захиалагч эрс өссөн гэхээр энэ зах зээл дээр тоглох сонирхолтой хүмүүс нэмэгджээ дээ?
-Байдал өөрчлөгдөж байна. Цаашдаа ч тоглогчид нэмэгдэнэ гэж харж байгаа. Өмнө нь хөрөнгийн зах зээл рүү орох гэхээр бүтээгдэхүүнгүй гэсэн шалтгаан байсан. Ягаан, цэнхэр тасалбараар үүссэн хувьцаа л гэж байсан. 400 гаруй компанийн хувьцаа. Энэ хувьцааг махаар зүйрлэж яривал хүмүүс сайныг нь сорчилсоор байгаад хэдхэн яс үлдчихсэн. Тэр хувьцаануудаас нэмж харах юм байхгүй гэсэн үг. Хөрөнгийн зах зээл мөлжөөд дууссан яс буюу хөрвөх чадвар багатай хувьцаа зардаг учраас хөрөнгө оруулагчид сонирхох боломжгүй байсан юм. Одоо бол өөр. Засгийн газрын үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн байна. Компанийн бонд гэсэн бүтээгдэхүүн ороод ирлээ.
-Компанийн бонд хөгжих ирээдүй манайд хэр байна?
-Компанийн бондын хувьд ойрын тав хүртэл жилийн хугацаанд маш хурдацтай хөгжинө. Хаалттай байгаа Монголын топ 100 компаниуд дунд хугацаандаа хувьцаат компани болох зорилгын эхлэл нь бонд. Эхлээд бондоо гаргаад сурчих хэрэгтэй. Хөрөнгө оруулагчтайгаа шууд харилцана гэсэн үг. Түрүүн хэлсэн дээ. Сүүлийн 25 жилд ямар ч том компани зээлээ банкнаас л авдаг байсан учраас олон нийтийн санхүүгийн харилцаа үүсч эхлээгүй. Хөрөнгийн зах зээл рүү энэ компаниудыг оруулаад ирэхээр хөрөнгө оруулагчид хүссэн хүсээгүй олон сонголттой болоод ирж байгаа юм. Дэлгүүрээр зүйрлэж яривал олон бүтээгдэхүүнтэй болсон хэрэг. Засгийн газрын үнэт цаас, компанийн бонд сайн хөгжвөл бусад үүсмэл үнэт цааснууд үүсч эхэлнэ. Өөрөөр хэлбэл санхүүгийн бусад шинэ хэрэгсэл үүсэх боломж нээгдэнэ. Бонд, хувьцаа, өгөөж дээр суурилсан ч байдаг юм уу. Хөрөнгө оруулагчдын сонирхол ондоо. Зарим нь эрсдэл багатай хөрөнгө оруулалтыг сонирхдог. Нөгөө хэсэг нь эрсдэл ихтэй, өндөр өгөөжтэйг нь илүүд үздэг. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл хүн бүрийн онцлогт тохирсон олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Тоглох талбарыг нь өргөсгөөд өгчихвөл хөрөнгө оруулагчид аяндаа сонирхоод ирнэ. Учир нь хөрөнгийн зах зээл гэдэг дэлхийн санхүүгийн 200, 300 жилийн түүхэнд батлагдсан систем. Хөрөнгө оруулагчдын хувьд мөнгөө өсгөх таатай боломж.
-Банкинд мөнгөө хадгалуулснаас юугаараа давуу гэдгийг энгийнээр тайлбарлаач?
-Банкинд зургаан сарын хугацаатай хадгаламж байдаг байх. Гэхдээ хүү нь бага. Жилийн 10, 12 хувийн л хүүтэй байгаа. Банкинд мөнгөө хадгалуулчихаар хугацаанаас нь өмнө авч болдоггүй. “Эрчим” бондын хувьд бол өөр. Зуун мянган төгрөгөөр бонд худалдаж авлаа гэж бодъё. Зургаан сарын дараа 9000 төгрөгийн хүүгийн ашиг гээд ороод ирнэ. Ийм л боломж байгаа юм. Иргэд ихэвчлэн улс төр яриад байдаг. Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн хориг, авлига, шинэ сайдуудын таамаг яриад байна л даа. Яахав улстөр ярьж болно, гэхдээ амьдралдаа хэрэг болохоор ийм зүйлийг сонирхмоор, яримаар байгаа юм. Ядаж л өөрт нь хэдэн төгрөг ороод ирнэ. Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөөрөө хөрөнгийн зах зээл дээр тоглоод сурчихвал сар бүр хөрөнгө нь нэмэгдэнэ. Үүнийг л “Эрчим” бонд нээж өгч байна.
-Хөрөнгийн зах зээл рүү оръё гэхээр өчнөөн ажил болно гэж төвөгшөөдөг байж мэдэх юм?
-Маш энгийн процесс шүү дээ. Брокер дээр очиж дансаа нээлгэнэ. Үсрээд л 5000 төгрөг өгнө. Банкнаас үнэт цаасны данс руугаа мөнгө шилжүүлэх нь хэдхэн минутын ажил. Захиалга өгөх нь хоёрхон минутын ажил. Ингээд л хөрөнгийн бирж дээр идэвхтэй тоглогч байх боломж үүсчихнэ.
-Засгийн газрын бондын эрэлт өсөөд байгаа ийм үед хязгаарыг нь нэмж болдоггүй юм уу?
-Сангийн яамны мэдэх асуудал л даа. Ямартай ч зах зээлийн эрэлт их байна. Хөрөнгийн бирж дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж байна. Зөвхөн Засгийн газрын үнэт цаасан дээр гэхээр өндөр тоо байгаа биз. Сангийн яамны хувьд зөвхөн арван тэрбумыг нийлүүлнэ гэсэн хязгаар тавьж байгаа. Тийм учраас хүү нь буураад байна. Хөрөнгийн бирж рүү орж ирэхээс өмнө Засгийн газрын үнэт цаасыг дөрөвхөн банкинд зардаг байсан. Өнөөдүүл нь хүүгээ тогтоодог байсан учраас хүү нь 9-16 хувь хүртэл хяналтгүй өсч байсан. Хөрөнгийн бирж орж ирснээр өнөөдрийн байдлаар гэхэд хүү нь хоёр хувиар буураад байна. 16 байсан хүү 14 хувь болсон гэсэн үг. Мэдээ тайлан нь, хэн авсан нь ил болоод өрсөлдөөн үүсэхээр эрэлт нь нэмэгдэж хүү нь буурч байгаа хэрэг. Ач холбогдол нь энэ. Энэ бол зөвхөн Хөрөнгийн бирж дээр гарч байгаа үнэт цаасан дээр яригдахгүй. Нийт зах зээлд нөлөөлнө. Засгийн газар 16 хувиар гаргана гэхээр компани 18 хувиар гаргана гэсэн үг. Засгийн газрын үнэт цаасны хүү 14 болонгуут компани 16 хувиар гаргах боломж нээгдэж байгаа юм. Компаниудад санхүүжилт олдохгүй байгаагийн шалтгаан нь Засгийн газрын үнэт цаас өндөр хүүтэй болсоных. 14 бол буурсан байгаа ч бага гэж хэлэхээргүй хүү. Цаашдаа ч хүү буурах боломж бий.
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ